11 сарын 29-ний өдөр энэ оны сүүлийн суурь мэдлэгийн сургалт болох “Хүний нөөцийн менежмент”-ийг амжилттай зохион байгуулав. Уг сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “Шин Хикари” ХХК-ийн захирал, МХНМ-н “Хүмүүн баялаг ТББ”-н гүйцэтгэх захирал Д.Дашмаа удирдан явуулсан юм.
Өнөө цагт хиймэл оюун ухаан хөгжиж буй ч хүний нөөцийн менежмент нь бидний тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Энэ талаар Д.Дашмаа багш “Хиймэл оюун ухаан болон оюун ухаант хүний хосолсон цаг үе” гэдгийг цохон тэмдэглэв. Түүнчлэн хүний нөөцийн менежментийн салбарын шинэчлэлүүд болон тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар практик туршлага, онолтой уялдуулан заасан нь сургалтыг илүү үр дүнтэй болгов.
Суралцагчид амралтын нэг өдрөө өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ ахиулах зорилгоор сургалтанд оролцсон бөгөөд хамтран багаар ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, ажлын байрны тулгамдсан асуудлуудын шийдлийг хамтдаа эрэлхийлсэн юм. Аливаа байгууллагын хувьд хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал байдаг бөгөөд энэ сургалт суралцагчдад үр дүнгээ өгсөн гэдэгт бид итгэж байна.

Манай төвийн дараагийн сургалт болох япон багштай маркетингийн ахисан түвшний сургалт 12 сарын 8-аас 12-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.
Бизнесийн менежментийн талаар мэдлэг, ойлголтоо тэлэхийг хүссэн хүн бүрт МОНГОЛ-ЯПОНЫ төвийн үүд үргэлж нээлттэй.
"Хүн бүр хүний нөөцийн менежер" — Д.Дашмаа





