“Үйлдвэрлэлийн удирдлага” сэдэвт ахисан түвшний сургалтыг Японы Панасоник корпорацийн “Монозүкүри” судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Такаясу Мицухару удирдан явуулсан юм.
Энэхүү сургалт нь япон маягийн үйлдвэрлэлийн менежментийн арга барилаас суралцаж, үйлдвэрлэлийн менежментийн үндэс болох QCD (чанар, өртөг, хүргэлтийн хугацаа)-ийн удирдлагыг хэрхэн бүрэн гүйцэд, үр дүнтэй хэрэгжүүлэх арга замын талаар голчлон судлав.
QCD удирдлагын суурийг ойлгож авснаар байгууллагынхаа үйл ажиллагаанд бодитоор хэрэгжүүлэх ур чадварыг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Менежментийн түвшний ажилтнууд болон удирдах албан тушаалтнууд нь QCD удирдлагын үндсийг суралцаж, ажлын үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, байгууллагынхаа үйлдвэрлэлийн талбарт өндөр чанар, бүтээмжийг бий болгох удирдагчийн зорилго, үүргээ ухамсарлах нь тус сургалтын зорилго байлаа.
Тус сургалт нь 11-р сарын 10-наас 14-ний хооронд 5 өдрийн турш явагдаж, олон компанийн төлөөлөл хамрагдсан юм. Сургалтын явцад бодит компаниудын үйлдвэрлэлийн менежментийн тогтолцоог жишээ болгон тайлбарлаж, оролцогчид өөрсдийн компанийн менежментийн өнөөгийн байдлыг бичиж, багийн хэлэлцүүлэг өрнүүлснээр тулгамдсан асуудлууд илүү тодорхой харагдах боломж бүрдсэн. Мөн сургалтан дээр танилцуулсан компаниудын жишээтэй харьцуулж ойлголтоо ч гүнзгийрүүлсэн.

11-р сарын 13-нд зохион байгуулсан “ЖҮР ҮР” компанийн шинэ үйлдвэр дээрх дадлага ажлын үеэр сургалтан дээр танилцуулсан SOP, 5S, Six Sigma зэрэг аргачлалууд бодитоор үйлдвэрлэлд хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь үзэж суралцсанаар оролцогчдын тулгамдсан асуудал илүү тодорхой болж, сургалтын агуулгыг гүнзгий ойлгоход маш их түлхэц болов.

Сүүлийн өдөр суралцагч бүр энэ хугацаанд сурсан мэдсэнээ ашиглан цаашид хэрэгжүүлэх 3 ажлын талаар танилцуулж, сургалтын дүгнэлт болон ирээдүйн ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Оролцсон бүх суралцагчид идэвхтэй асуулт асууж, бүлгийн ажил өрнүүн болов. 5 хоног гэдэг богино хугацаа байсан ч сургалт маш үр дүнтэй, үнэ цэнтэй болж өндөрлөлөө. Энэ удаагийн курсийн нийт төгсөгч 42 хүн хамрагдсан ба ирэх жилээс эхлэн тус сургалтыг Монгол-Япон төвийн үндэсний сургагч багш нар удирдан явуулах төлөвлөгөөтэй байна.
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн бизнесийн сургалтууд цаашид ч олон төрлийн сургалт, хөтөлбөрийг зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.





