Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2019-10-28

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв 2008 оноос эхлэн Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өдгөөг хүртэл нийт 30 гаруй компани уг хөтөлбөрт хамрагдаж, байгууллага дээрээ тулгамдаж буй асуудалдаа япон болон монгол багш нарын заавар зөвлөгөөг авч хэрэгжүүлж ирлээ.

2019-2020 онд Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдагч байгууллага болох “Хаан жимс Эс Би Ти” ХХК дээр тус хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа болон Н.Батчулуун багшийн “5S хөдөлгөөнийг хэвшүүлэх нь” сургалт болж өндөрлөлөө.  

“Хаан жимс Эс Би Ти” ХХК нь 2016 онд европ стантартад бүрэн нийцсэн жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан бөгөөд Монголын эрүүл хөрсөнд ургуулсан цэвэр, органик жимсээр “Хуба хаяа” брэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд нийлүүлж байна.

Чацаргана жимснээс үр, хальсыг нь ялган ус, сахар, ямар ч химийн нэмэлт бодисгүй байгалийн цэвэр “Чацарганы охь” болон чацарганы үрийн тос /Magic drop/, зөөлөн эдийн тосыг /Dr.drop/ гарган авч байгаагаараа хэрэглэгчиддээ танигдаж буй үйлдвэр юм. Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ суманд "Хаанжимс" жуулчны баазын үйл ажиллагааг явуулж байна.   

Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж, Рело Панасоник Эксел Интернэшнл ХК-ийн ахлах зөвлөх Накажима Шү, ЖАЙКА-ийн бизнесийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Накамура Ко, багш Н.Батчулуун болон “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн захирал, ажилтан албан хаагчид оролцлоо. Үүгээр ЗААН-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн зааварчилгаа, сургалт албан ёсоор эхэлж, сургалт зөвлөгөө үргэлжлэн явагдах юм.

Сургалт, хөгжүүлэлтдээ анхаарч сургалтад хамрагдан, мэдлэгээ тэлж бидэнтэй хамтран ажиллаж буй “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийн хамт олондоо цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье. Багшийн хэлсэнчлэн аливаа зүйлийг хэрэгжүүлж эхэлнэ гэдэг амархан харин хэвшүүлэх л хэцүү, тиймээс цаашид тууштай хэрэгжүүлж хэвшүүлэхийг хүсэн ерөөе.