9-р сарын 16-аас 23-ны өдрүүдэд Монгол-Японы төвийн бизнесийн үндсэн сургалтын “Стратегийн менежмент” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэ жилийн үндсэн сургалт нь 2 удаа буюу намар, өвлийн элсэлт авч байгаагаараа онцлог юм. Тус сургалтын Удирдлагын СЕО ангийг 30, Менежерийн ангийг 32 хүнтэйгээр тус тус бүрдүүлэн сургалтыг зохион байгуулж байна.
Хичээлийг Монгол-Японы төвийн сургагч багш Кавагүчи Шиничиро удирдан явууллаа. Кавагүчи Шиничиро багш нь Монголд сүүлийн 18 жилийн турш тасралтгүй Монголын компаниудад менежментийн зөвлөгөө өгсөөр ирсэн бөгөөд Монголын эдийн засаг болон аж ахуйн нэгж, компаниудын нөхцөл байдлын талаар ихээхэн мэдлэг туршлагатай багш билээ. Сургалтын дараах санал асуулгаар суралцагчдаас үр дүнтэй сургалт байж чадлаа, цаашдаа сурсан зүйлээ компани дээрээ хэрэгжүүлэх болно гэсэн өндөр үнэлгээг аваад байна.
Уг сургалтаар стратегийн менежментэд суралцахаас гадна, стратегийн олон төрлийн кейс дасгал дээр ажиллахын сацуу, монгол компанийн бодит жишээнээс туршлага судалдгаараа онцлог юм. Энэ удаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бодитоор хэрэгжүүлж буй жишээнээс суралцсан үр дүнтэй сургалт боллоо.
Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ цаашдын ажил үйлстээ хэрэгжүүлж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Бизнесийн үндсэн сургалт маань “Маркетинг”, “Санхүүгийн удирдлага”, “Хүний нөөцийн удирдлага” сэдвүүдээр үргэлжлэх болно.
Монгол-Японы төвөөс зохион байгуулж буй бизнесийн сургалтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.japan-center.mn/ төвийн цахим хуудаснаас авна уу.