Үйл явдал
“ТОЁОТА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СИСТЕМ” АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019-06-11

Монгол-Японы төвийн “ТОЁОТА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СИСТЕМ” ахисан түвшний сургалт 6 дугаар сарын 3-аас 7-ны өдрүүдэд  амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү сургалтаар Тоёота компанийн үйлдвэрлэлийн удирдлагын талаарх үндсэн ухагдахуун, чанарын удирдлага, 5S, КАЙЗЭН-ны талаар ойлголттой болж, сургалтын дөрөв дэх өдөр өөрсдийн ойлголтоо бататган үйлдвэртэй танилцах дадлага хийсэн юм.

Уг сургалтыг удирдан явуулсан Масүда Казүми багш нь Панасоник корпорацийн үйлдвэрлэлийн салбарт  30 гаруй жил ажилласан арвин туршлагатай бөгөөд Монгол Улсад 5 дахь жилдээ ирж үйлдвэрлэлийн удирдлагын чиглэлээр ахисан түвшний сургалт болон загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд  сургалт явууллаа.

Энэ удаагийн үйлдвэртэй танилцах дадлагаар “Гэрэлтжин” ХХК-н вакум цонх, хаалга болон шилэн багцын үйлдвэр дээр очиж танилцлаа.  Гэрэлтжин компани нь 1996 оноос  барилгын материал, цонхны шил импортлон дотоодын зах зээлд нийлүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд цонх хаалганы үйлдвэр, барилга угсралт, хүнд машин механизмын түрээс, үл хөдлөх хөрөнгийн түрээс зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хот байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг  хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулагч компаниудын нэг юм. Тус дадлагаар үйлдвэрийн орчин, дотоод болон гадаад талбайн зохион байгуулалт болон кайзэн, 5S хөдөлгөөн зэрэг нь хэрхэн хэрэгжиж байгаатай танилцсан юм.

Сургалтын төгсгөлд суралцагчид багаараа үйлдвэрээс суралцсан зүйл, давуу тал болон кайзэн саналаа танилцуулан харилцан туршлага солилцсон томоохон ач холбогдолтой сургалт боллоо.   

Сургалтын сүүлийн өдөр 5S-ийг амжилттай хэрэгжүүлж буй “Моншибасаки” ХХК-ийн захирал Д.Долгормаа компанийнхаа туршлагаас хуваалцсан юм. Өөрийн компанийн дотоод бүтэц зохион байгуулалт, тогтолцоо, сайжруулалт, 5S-ийн хэрэгжүүлэлт, үр дүнгийн талаарх мэдээллийг бидэнтэй хуваалцсан нь сургалтын агуулгыг илүү баялаг болгож өглөө.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа сурч мэдсэн зүйлээ ажил дээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.