Үэхигаши Кожи багшийн удирдан явуулсан “ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА”, “МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАРЧЛАЛ” ахисан түвшний сургалтууд, “ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА”, “NOT FOR BREAD ALONE” нээлттэй семинарууд амжилттай болж өндөрлөлөө.
“ДЭЛГҮҮРИЙН УДИРДЛАГА”
Монгол-Японы төвөөс 3-р сарын 18-аас 22-ны өдрүүдэд дэлгүүр, үйлчилгээний газрын үйл ажиллагаа эрхлэгч, удирдах албан тушаалтан, менежер зохион байгуулагч нарт зориулан “Дэлгүүрийн удирдлага” сургалтыг дэлгүүр, үйлчилгээний байгууллагын тохижилт, бараа өрөлтийн техникийг олон улсын жишигт нийцүүлэх, ажилтнаа хэрхэн сургах, сурталчилгааг хэрхэн явуулах, үйлчлүүлэгчийг хэрхэн татах вэ, зэрэг сэдвүүдээр зохион байгууллаа. Мөн суралцагчдаар өөрсдөөр нь сурталчилгаа хийлгэж түүнд нь дүн шинжилгээ хийн багшийн зүгээс зөвлөгөө өгч байсан нь суралцагсдын идэвхи оролцоог нэмэгдүүлж байв.
Энэхүү сургалт нь эрэлт ихтэй сургалтуудын маань нэг бөгөөд суралцагчдаас компанидаа шууд хэрэгжүүлэхүйц агуулгатай маш үр дүнтэй сургалт байлаа гэсэн үнэлгээ авсан юм.
“МЕНЕЖМЕНТИЙН ЗАГВАРЧЛАЛ”
3-р сарын 25-аас 27-ны өдрүүдэд аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, менежер, бизнес эрхлэгчдэд зориулан “Менежментийн загварчлал” сургалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд менежментийн загварчлалыг ашиглан, бизнесийн шийдвэрийг шуурхай гаргах дадлага хийж бүх оролцогчдыг бизнесийн бодлого төлөвлөлтөд оролцуулж, менежментийн практик арга барил эзэмшүүлэх зорилготой юм.
Уг сургалтаар менежментийн загварчлал тоглоомын аргыг ашигласан бөгөөд нийт суралцагчдыг 4-н багт хуваан хийсвэр компани байгуулан бизнесийн өрсөлдөөн явуулсан нь сургалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгосон ба хамрагдсан хүмүүсээс 98% сэтгэл хангалуун гэсэн өндөр үнэлгээг авсан.
NOT FOR BREAD ALONE
3 сарын 23-ны өдөр Японы менежментийн загалмайлсан эцэг гэгдэх Панасоник компанийн үүсгэн байгуулагч Мацүшито Кооносүкэгийн менежментийн үзэл санаа, удирдлагын арга барил, ёс зүйн сургамжаас суралцсан маш үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Мөн семинарт хамрагдсан бүх хүмүүст “Глобал Электроникс” ХХК-ийн эрхлэн гаргасан Мацүшита Коносүкэ агсны өөрийн амьдралын туршлага, үзэл санаандаа тулгуурлан залгамж хойч үедээ сургамж болгон бичсэн “Бороонд бид шүхэр барьдаг” номыг бэлэглэсэн юм.
Сургалтад хамрагдсан нийт суралцагчдаа сурч мэдсэн зүйлээ ажил дээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашдынх нь ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.