Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн ээлжит сургалт “Дэлгүүрийн удирдлага” сэдвээр 3-р сарын 16-ны Бямба гарагт зохион байгуулагдлаа.
“Дэлгүүрийн удирдлага” суурь мэдлэгийн сургалт нь дэлгүүрийн эрхлэгч, зохион байгуулагч болон дэлгүүр, үйлчилгээний байгууллагад ажилладаг хүн бүрт зориулан явагддаг сургалт бөгөөд дэлгүүрийнхээ зай талбайг хэрхэн зөв зохион байгуулах, бараагаа хэрхэн өрөх, үйлчлүүлэгчээ хэрхэн татах, ажилтнаа хэрхэн сургах талаар бодитой мэдлэг олгох зорилготой юм.
Сургалтыг Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш, “Centrel Express CVS” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ж.Гансүх удирдан онол дадлага хослуулан явуулсан юм. Суралцагчдыг багт хуваарилан хөгжөөнт тоглоом тоглуулсан нь сонирхолтой бөгөөд суралцагчдын цаашдын ажилд шууд хэрэг болохуйц сургамжтай дадлага ажил байлаа.
Сургалтын явцад суралцагчид маань өөрсдийн ажилд тулгамдаж буй асуудал болон сонирхсон зүйлсээ чөлөөтэй асууж, багш өөрийн туршлага дээр суурилсан бодит кэйс жишээг танилцуулан харилцан ярилцсан үр өгөөжтэй сургалт болсон юм.
Суурь мэдлэгийн сургалтад хамрагдсан нийт суралцагчдадаа танхимд сурч мэдсэн зүйлээ цаашид ажилдаа бодитоор хэрэгжүүлж, Монгол улсад маань олон улсын стандарт, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн дэлгүүр, үйлчилгээний газрууд улам бүр нэмэгдэх болтугай гэж хүсэн ерөөе.
Манай дараагийн бизнесийн суурь мэдлэг олгох цуврал сургалтууд маань 5-р сарын 4-нд “5S Хөдөлгөөн”, 5-р сарын 11-нд “Үйлчилгээний ёс зүй” сэдвүүдээр үргэлжлэх болно.
Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Мөн 11-310879 (Exp-3) утсаар лавлана уу.