Монгол улсад үйлдвэрлэлийн салбар сэргэж, эрчимтэй хөгжиж буй өнөө үед цагаа олсон эрэлттэй сэдвүүдийн нэг бол яах аргагүй “Үйлдвэрлэлийн удирдлага” билээ. Монгол-Японы төвөөс 2018.06.04-08-ны өдрүүдэд үйлдвэрлэлийн удирдлагын ахисан түвшний сургалт болох “ТОЁОТА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СИСТЕМ” сургалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд сургалтад нийт 30 гаруй компани, үйлдвэрлэл эрхлэгч нар хамрагдлаа.
Тус сургалтын зорилго нь үйлдвэрийн бодит нөхцөл байдалд тохирох үйлдвэрлэлийн хүчин чадал болон чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай үйл ажиллагааны талаарх мэдлэгт суралцаж, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ бодит үр дүнг бий болгохуйц Япон маягийн менежментийн арга, Тоёота үйлдвэрлэлийн систем (TPS)-ээс суралцан, өөрийн компанид нэвтрүүлж, хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэхэд оршино. Энэхүү зорилгын хүрээнд тус сургалтыг онол, практик хослуулан явуулсан юм.
Хичээлийг Японоос уригдаж ирсэн Масүда Казүми багш заасан бөгөөд багш маань Панасоник корпорацийн үйлдвэрлэлийн салбарт олон жил ажилласан үйлдвэрлэлийн удирдлагын арвин туршлагатай ба Монгол улсад 4 дэх жилдээ ирж тус сургалтыг удирдан явууллаа. Орчуулагчаар Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, “HQT” ХХК-ийн захирал Ш.Алтанхуяг ажилласан бөгөөд үйлдвэрлэлийн салбарын мэдлэг туршлага болон орчуулагчийн ур чадвар, суралцагчдаа хичээлд татан оролцуулах зэрэг чадваруудаараа 100% гэсэн үнэлгээг аваад байна.
Хичээлийн 4 дэх өдрийн үйлдвэртэй танилцах дадлагаар Монголдоо шингэн хүнсний үйлдвэрлэлээр манлайлагч “Витафит” компанийн үйлдвэр дээр очиж танилцсан нь суралцагчид энэ салбарын үйлдвэрлэлийн онцлогийг мэдэж авах, сургалтаар олж авсан онолыг мэдлэгээ практик дээр баталгаажуулах, харилцан туршлага солилцох боломжтой олгосон юм.
Хичээлийн сүүлийн өдөр үйлдвэрлэлийн салбарт нэн чухал шаардлагатай 5S-ийг амжилттай хэрэгжүүлж буй “Моншибасаки” ХХК-ийн захирал Д.Долгормаа өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцсан нь тус сургалтын агуулгыг улам баялаг болгож өгсөн юм.
Ингээд нийт сургалтад хамрагдсан суралцагчдынхаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэхийн ялдамд сургалтаар олж авсан мэдлэгээ ажил, амьдрал дээрээ бодитоор хэрэгжүүлэхийг хүсье.
Монгол-Японы төвийн 2017-2018 оны хичээлийн жилийн бизнесийн ахисан түвшний сургалтуудын сүүлийн сэдэв болох “Цахим бизнес” сургалт 2018.06.18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Бараа бүтээгдэхүүнээ онлайнаар борлуулахаар төлөвлөж буй болон цахим бизнесийн орчин үеийн чиг хандлагаас суралцаж, цахим худалдааны шинэ маркетинг нэвтрүүлэхийг эрэлхийлж байгаа компани, бизнес эрхлэгч та бүхнийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.
Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг http://www.japan-center.mn/a/22601 холбоосоор орж авна уу.
Мөн уг сургалтын гол агуулгыг танилцуулах НЭЭЛТТЭЙ СЕМИНАР-т оролцохыг хүсвэл ЭНД дарна уу.
“ЦАХИМ БИЗНЕС” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ
ЭНД дарж бүртгүүлнэ үү.