2025 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО БА КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ” сэдэвт суурь мэдлэгийн сургалт амжилттай зохион байгуулагдав.
Энэхүү сургалтыг МУИС-Бизнесийн сургуулийн менежментийн тэнхимийн багш, Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, доктор (Ph.D) С.Санасэр удирдан явуулсан юм.

Сургалтаар дараах агуулгуудыг хамарсан:
-Хурдан өөрчлөгдөж буй дэлхий ертөнц ба бизнесийн орчин
-Компанийн засаглал ба удирдлагын тогтолцоо
-Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага ба бусад
оролцогч талууд
-Компанийн хариуцлага ба бизнесийн ёс зүй гэсэн агуулгын хүрээнд суурь онолууд, үзэл баримтлал, практик асуудлуудын талаар авч үзсэн бөгөөд бизнесийн орчны хурдацтай өөрчлөлт, компанийн засаглал болон удирдлагын тогтолцоо нь байгууллагын амжилт, тогтвортой байдалд хэрхэн нөлөөлдөг талаар чухалчлан онцлов. Түүнчлэн компанийн засаглал, удирдлагын тогтолцоо нь хэрхэн өндөр ач холбогдолтой болох, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдийн чиг үүргийг хэрхэн ялгах талаар дэлгэрэнгүй тайлбарлаж заав.
Сургалтын төгсгөлд бизнесийн ёс зүй, хариуцлагын талаар нэгдсэн ойлголттой болж, сайн засаглалтай байгууллага хэрхэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах боломжийг бий болгодог, түүний үр өгөөж нь ямар байдлаар хүлээн зөвшөөрөгддөг талаар санал солилцов.
Энэхүү сургалт нь компанийн засаглал, комплаенсын талаар суурь мэдлэг авахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байснаараа онцлогтой байсан юм.

Сургалтад хамрагдсан нийт оролцогчиддоо бизнес болон хувийн хөгжилд нь амжилт хүсье. Сургалтаар олж авсан мэдлэгээ ажлын байрандаа, өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж, бодит үр дүнд хүрэхэд нь тус болно гэдэгт итгэж байна.
Дараагийн суурь мэдлэг олгох сургалт “ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ” сэдвээр 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдах тул сонирхсон хүн бүрийг идэвхтэй хамрагдахыг урьж байна.





