МЭДЭЭЛЭЛ
Японы уламжлалт соёлын нэг болох 書道 буюу “Бийрэн бичлэг”-ийн талаар
2025-05-01

☘️書道 буюу бийр, бэх ашиглан бичих энэхүү уран бичлэгийн соёл нь Япон соёлын чухал хэсэг юм. Бийрэн бичлэг нь Японд 1600 гаруй жилийн өмнө бий болсон бөгөөд өнөөг хүртэл япон хүүхдүүд сургуульдаа энэхүү урлагийг хичээнгүйлэн сурсан хэвээр байна. Жил бүр Японы боловсролын судалгааны хүрээлэнгээс бага ангийн хүүхдүүдийн сургуулиас гадуур хамрагддаг дугуйлангийн талаарх судалгааг хийдэг бөгөөд “Бийрэн бичлэг” нь ямагт эхний аравт багтдаг байна.

Тэгвэл яагаад япон хүүхдүүд бийрэн бичлэгийг сурдаг вэ? Эцэг эхчүүд яагаад хүүхдүүдээ энэ урлагийг сурахад нь дэмждэг вэ?

1. Бийрэн бичлэгээр дамжуулан хүүхдийн оюун санааг хөгжүүлэхийн тулд 🍀

Бийрэн бичлэг нь зөвхөн үсэг бичиж сурахаас гадна анхаарал төвлөрөл, тэвчээр, сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хөгжүүлдэг. Бийрээр бичиж байгаа учир нэг удаа бичсэн үгийг арилгах боломжгүй. Иймд бичиж буй зураас бүртээ сэтгэлээ шингээн бичих нь хамгийн чухал бөгөөд анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг байна.

2. Японы соёл, уламжлалтай танилцахын тулд 🍀

Эцэг эхчүүд соёлын хичээлээр дамжуулан хүүхдүүддээ Японы соёл, уламжлал болон түүний үнэ цэнийг ойлгуулж, өв соёлоо хүндэтгэн хайрлаж, өвлүүлэн үлдээхийг хүсдэг байна.

3. Гар бичвэрийн ур чадварыг хөгжүүлэхийн тулд 🍀

Орчин үед технологийн хэрэглээ өсөхийн хэрээр гараар бичих дадал улам бүр багассаар байна. Бийрэн бичлэг нь хүүхдүүдийн гар бичвэрийн ур чадварыг хадгалах, сайжруулахад тусалдаг.