МЭДЭЭЛЭЛ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖЛАА ОРХИЖ, ТЕЛЕВИЗИЙН ОЛОН АНГИТ КИНОНЫ ХООЛ ХИЙДЭГ БОЛСОН БҮСГҮЙ
22 цаг 25 мин

Төрийн албан хаагчийн ажлаа орхиж, телевизийн олон ангит киноны хоол хийдэг болсон бүсгүйӨнөөгийн япон залуусын ажил, карьерийн талаар та бүхэнд танилцуулъя. 
Ингэхэд та кино, драм дээр гардаг амтат хоол ундыг хэн, хаана бэлтгээд ширээн дээр нь бэлэн байж байдаг юм бол оо гэж кино үзэж байхдаа бодож байв уу? Энэ тухай  “Ёмиүри” өдөр тутмын сонины 2025.01.14-ний цахим дугаарт гарсан нийтлэлийг товчлон хөрвүүлэв. 
Та япон эхээр нь унших бол доорх линкээр орж уншаарай.
https://www.yomiuri.co.jp/fukayomi/toyokeizai/20250114-SYT8T6210916/#goog_rewarded

 

Токиогийн Дайканямагийн нэгэн орон сууцны хоолны өрөөнд хоолны сургалтын ангитай адил газар бий. Зэвэрдэггүй хоёр ган лангуу байх ба дээр нь хоёр бариултай гахайн шөл хийсэн хоолны сав байна. Ханан талд 3 хөргөгч эгнэж, хоёр ажилтан хоолны өрөөнд ажиллаж байна. Энд телевизийн жүжиг, киноны зураг авалтад зориулж хоол бэлддэг юм.

"Ихэнх кино зохиолд хоолны талаар нарийн ширийн зүйл, жорны талаар оруулдаггүй. Заримдаа би туслах найруулагчаас "Гэр бүлийн өглөөний цай эсвэл оройн хоол бэлдээрэй" гэх мэт зааварчилгаа авч, хоолоо хийдэг.  Бусад үед би хоолны цэсний нэрс авч, туршиж үзэн, дахин давтан хийсээр, нарийн ширийн зүйлийг гүйцээн хийдэг."

Ийн хөгжилтэй инээмсэглэн ярьж буй Хара Юко бол жүжиг, киноны ертөнцөд эрэлт ихтэй хоол зүйч бүсгүй юм.

Тэрээр 2024 онд хүмүүсийн хамгийн их ашигласан тухайн жилийн трэнд үгийн шагналыг хүртсэн, нийт 29 сая хувь хэвлэгдсэн, алдартай "Хэтэрхий зохисгүй!" хэмээх манганаас сэдэвлэсэн "Алтан камуй" кино, 2023 онд олон нийтийн сүлжээнд нэлээд ярианы сэдэв болсон "VIVANT" (Монголд зураг авалтыг нь хийж, монгол жүжигчид тоглосон кино. Орч) ням гарагийн киноны хоолон дээр ажиллажээ. Тэрээр өнөөг хүртэл 500 гаруй жүжиг, киноны хоолыг хариуцан ажиллажээ.

Хоол зүйчийн үүрэгт ажил

Кино, телевизийн жүжигт ажилладаг хоол зүйчийн ажлыг бүтээлч сэтгэлгээ шаарддаг ажил хэмээн та төсөөлж байна уу? Тэдэнд өөрсдийн санаагаа дэвшүүлэх, хэрэгжүүлэх боломж олон гардаг юм болов уу?

“Найруулагчийн хүсэлтийг хүлээн авч, асуудлыг шийдвэрлэдэг ажил юм.  Жишээлбэл, бид шинэхэн, дөнгөж гарч буй хоолны уурыг зурагт оруулахаар болох юм бол, хоолоо гаргахаасаа өмнө уурыг камерт хэрхэн буулгах талаар ажилтнуудтай зөвлөлдөж байж хоолоо гаргадаг. Найруулагч надад “Энэ дүр хоол хийхдээ тааруу, арай энгийн болгооч” гэж хэлэхэд нь би түүнийг ямархуу хүн болохыг бодолцон газар дээр нь үзүүлбэрээ тааруулах ч үе бий” гэв.

Хара бүсгүй жүжиг, кинотой ямар ч холбоогүй орон нутгийн захиргааны албан хаагчаар ажлын гараагаа эхэлж байжээ. Тэрээр төрөлх хот Сайтамагийн хойд хэсэгт 8 жил ажилласны эцэст Акахори хэмээх хоол хүнсний сургуульд хоолны зохицуулагчаар элсэн оржээ. Сургуулиа төгсөөд 30 настайдаа тус сургуулийн захирал Хироми Акахоригийн туслахаар ажиллан, ур чадварт суралцаж эхэлжээ. Акахори бол жүжиг, киноны хоолны үзэгдэлд зориулан хоол бэлтгэх талаар нэвтэрхий мэдлэгтэй, арвин туршлагатай, маш сайн хоол зүйч юм.

Тэрээр 34 настайдаа хувиараа бизнес эрхлэгч, чөлөөт ажилтан болсон. Хара яагаад 30-аад насандаа хоол зүйч болохоор шийдсэн юм бол?

Оюутан байхаасаа л хүнсний салбарт ажиллахыг хүсдэг байсан ч...

Хара бага сургуульд байхаасаа л хоол хийж эхэлжээ. Хоол голомтгой эрэгтэй дүүдээ зориулан хоол хийж өгөхөд “амттай” гэж хэлүүлээд, аавдаа ч магтуулдаг байжээ.

Ахлах сургуулиа төгсөөд хоол, хүнсний мэргэжлийн сургуульд ормоор байгаагаа хэлэхэд нь аав нь зөвшөөрсөнгүй.

"Тогооч болох хүсэлтэй хүмүүс багаасаа хичээллэдэг. Одоо сургуульд явж эхлэхэд хэтэрхий оройтсон байна. Хэрэв чи тогооч болно гэж үнэхээр бодож байгаа бол японы уламжлалт ресторанд дадлагаждаг ч юм уу гадаадад явж болно. Чи үүнд бэлэн үү?" гэжээ.

Хара ийм зүйлд бэлтгэгдээгүй гэдгээ мэдээд бодлоо өөрчилж, Мэжиро эмэгтэйчүүдийн коллежид элсэн оров. Энд л тэрээр хүнсний салбарын ажлын том цар хүрээг олж мэджээ.

"Коллежид сурч байхад томоохон хүнсний үйлдвэрлэгчдийн цэс боловсруулагч, хоол судлаачдаас ирж лекц уншдаг байсан. Би хоолны салбарт тогоочоос гадна зөндөө өөр ажил байдгийг мэдэж авч байлаа. Тэгээд л би тэр үеэс хүнсний салбарт ажиллана гэж шийдсэн дээ."

Гэсэн хэдий ч ажлын байр хайж эхлэхэд энэ бодол маань замхарч, найдвар тасарч байлаа. Коллежийнхаа карьер, хөгжлийн албанаас лавлахад “Манайх шиг их сургуульд сайн нөхцөлтэй ажлын байр байхгүй” гэдэг татгалзсан хариу өгөөд, цаашдаа ч аль нэг компанид хоолны мэргэжлийн чиглэлийн ажилд орох өргөдөл бөглөсөнгүй орхижээ.

Олон удаагийн шалгалтад тэнцээгүй тэрээр нутгийнхаа боловсролын газарт түр ажилтнаар ажиллах болж, гэхдээ хоёр жилийн дараа тэрээр хотын захиргааны ажилд орох шалгалт өгч тэнцжээ. Ингээд тэрээр 22 настайдаа төрийн албан хаагчийн ажлын гараагаа эхлэв.

БИ 30 НАС ХҮРЭХДЭЭ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЖЛАА БОЛИХООР ШИЙДСЭН

Хара 20 гаруй насандаа карьерынхаа талаар дахин бодож эхэлжээ. Үүний шалтгаан нь түүнийг оршин суугчдын асуудал эрхэлсэн хэлтэст шилжүүлсэн явдал байв.” Бид янз бүрийн оршин суугчдаас олон тооны гомдол тасралтгүй хүлээн авсаар байлаа. Ингэж ажиллаж байтал арьсан дээр минь тууралт гарч, арьсны өвчин юм болов уу гэж бодоод эмнэлэгт үзүүлэхэд бүслүүр херпес гэсэн онош гарч, гэртээ нэг сар эмчилгээ хийлгэх шаардлагатай боллоо.

Гэвч тэрбээр төрийн албан хаагчийн тогтвортой ажлаасаа гарах шийдвэр гаргаж чадахгүй л байлаа. Амралтын өдрүүдээрээ номын санд очиж хоолны ном уншиж стрессээ тайлан, ийм маягаар гурван ч жилийг өнгөрөөв. Түүнийг 29 настай байх үед харин амьдралд нь томоохон эргэлт гарчээ.

"Ажлын газрын маань надаас насаар ахмад хэдий ч миний хойноос ажилд орсон нэг шинэ ажилтан гэнэт өөд болсон юм. Тэр залуу бухимдахаараа үргэлж л дуртай юмаа хиймээр байна аа гэж хэлдэг байсан. Хүн ер нь дуртай юмаа л хийж амьдрах ёстой юм байна даа гэж тэр үед бодогдсон."

Хоолны чиглэлийн мэргэжлээр ажиллахын тулд Хара бүсгүй хоол зүйч бэлтгэдэг хоолны сургуульд элсэхээр шийджээ. Хэд хэдэн сургуулийн танилцуулга товхимол олж аван, мэдээллийн семинарт оролцож байсан бөгөөд түүний сэтгэлийг хамгийн их татсан нь Японы хоолны сургуулийн анхдагч болох Акахори  хоолны урлагийн академи байлаа.

"Акахори хоолны урлагийн академи бол хамгийн хатуу чанд сургалттай сургууль байлаа. Танилцуулга дээр Хироми Акахори багш "Манай сургууль нь хоолны салбарт амжилттай ажиллах хүмүүсийг хатуу, чанга сургах болно гэж хэлсэн билээ. Бодит байдалд тулгуурласан, сайн сургууль юм байна гэж бодож байлаа."

Тэрээр бямба гарагийн амралтаа ашиглан зургаан сар хоолны сургуульд суралцаж, сургалтаа амжилттай дүүргэлээ. Аав ээждээ ч хэлэлгүй ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүний ​​нөөцийн хэлтэст өгөөд амьдралын шинэ замд гарлаа.

Энэ хугацаанд тэрээр хүнтэй гэрлэж Токио руу нүүн, Акахори хоолны урлагийн академийн захирал Акахори Хиромигийн туслахаар ажиллаж эхэлжээ. Түүний орлого төрийн албан хаагч байх үеэс гуравны нэг орчим нь болж буурсан хэдий ч бүсгүй хоол зүйч болох эхний алхмаа хийхээс буцсангүй.

ТУСЛАХЫН ТУН Ч ЗАВГҮЙ ӨДРҮҮД

            “Туслахын ажил үнэхээр завгүй байлаа. Сургуульд сурч байх үед гурван туслах байсан бол ажилд ороход нөгөө хоёр маань бие даан ажиллахаар явцгааж, би ганцаараа хувийн туслах нь болж үлдсэн байв. Драмын зураг авалтаас эхлээд хичээлдээ бэлдэх хүртэлх бүх туслах ажлыг ганцаараа гүйцэтгэж эхлэв.

            Багш маань драм, киноны салбарт идэвхтэй ажиллахын хажуугаар сургуулийн удирдлагын ажлаа ч хийж байсан. Сургуульд хоёр студи байдаг бөгөөд тэнд байнга зураг авалт явагддаг. Би бүх худалдан авалт, бэлтгэл ажил, зураг авалтын зохион байгуулалтыг хариуцдаг байлаа.”

            Би долоо хоногт ганц хоёр удаа л гэртээ харьдаг байв. Багшдаа хүлээн зөвшөөрөгдтөл ажлаа орхихгүй гэж шийдсэн тул маш их ачаалалтай ажилласаар л байсан. Гэвч гурван жил өнгөрсний дараа тэр амьдрал минь дуусгавар болсон доо.

Шалтгаан нь тэр үед нөхрийн маань хэлсэн үг байв. Тэр, "Чамайг үнэхээр хичээж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ чи аль хэдийн амьдралынхаа хязгаарыг давчихсан. Чиний амьдралд нөлөөлдөг олон хүн бий шүү" гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод би өөрийн амьдралаа эргэн харж, дахин тунгаасан. Би хийхийг хүссэн зүйлээ үргэлжлүүлэх эсвэл гэр бүлдээ цаг гаргах хоёрын хооронд үнэхээр шаналж байсан. Гэхдээ тэр үед нөхрийн маань хэлсэн үг надад маш хүнд туссан болохоор би гэр бүлдээ анхаарлаа хандуулахаар шийдсэн."

Ингээд туслахын ажлаасаа гарсан Хара нэгэн Итали кафед цагийн ажил хийж гэрийн эзэгтэй боллоо.

ХООЛ ЗҮЙЧ БОЛОХ ЗАМ НЭЭГДСЭН НЬ

Түүнд хоол зүйч болох зам нь хаагдсан юм шиг санагдаж байсан ч зургаан сарын дараа нэг л өдөр гэнэт зам нээгдэх нь тэр.

“Туслахаар ажиллаж байхдаа танилцсан урлагийн ажилтан надтай холбогдож, ажлын санал тавьж байгаагаа хэлээд тэгээд л эхэлж, жигдэрсэн дээ. Би профессор Акахоригийн туслахаар ажиллахаа больсон гэж түүнд тайлбарласан ч тэрээр "Энэ бол зүгээр л нэг удаагийн ажил, өмнөхтэйгөө адил ажиллахад л болно гэсэн болохоор нь зөвшөөрлөө."

Зураг авалтын өдөр багш байхгүй гэж санаа зовсон ч гэр бүлийн хоолны ширээн дээр тавигдах хоолыг амжилттай бэлдэж, зураг авалтаа дуусгасан даа. Би зурагтаар уран бүтээлчдийн нэрс дунд өөрийн нэрээ хараад  "Аан, би ч бас болох юм байна шүү !" гэж баярлаж байлаа.

Зургийн талбайд дуудагдах үедээ “ажил байвал өгч байгаарай” гэж хэлснээр, бага багаар дуудагддаг болсоор, боломж ихэссээр байлаа. Чөлөөт уран бүтээлчээр ажиллаж  эхэлснээс хойш зургаан сарын дараа цагийн ажлаа орхиж, дахин нэг жилийн дараа 35 настайдаа Vita компаниа үүсгэн байгуулж билээ.

Хара нөхөртэйгөө хэдэн жил хэлэлцэж, ярилцсаны эцэст гэр бүлээ цуцлуулж, хоол зүйчийн ажилдаа төвлөрчээ.

COVID-19 ТАХЛЫН ДАРАА АЖИЛ ЭРЧИМТЭЙ ӨРГӨЖИЖ БАЙЛАА

Коронавирусын тахлын дараа Харагийн ажил эрс нэмэгдсэн. Учир нь халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хоол үйлдвэрлэлийн хяналтыг хоол зүйч нарт даатгадаг болсон. Тэд одоо зөвхөн хоол бэлтгэхээс гадна хүнсний аюулгүй байдлыг хангах үүрэг ч чухал болсон.

Драм буюу олон ангит киноны хэмжээ COVID-19-ээс өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. 2024 онд тэрээр 24 драм, гурван бүрэн хэмжээний кинонд ажилласан юм.

Сүүлийн үед бүтээлийн ертөнцөд нийцсэн хоол хийх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Үнэхээр ч, Харагийн оролцсон кино, драмуудын дунд сэтгэлд хоногшсон амттай хоолны үзэгдэлтэй бүтээлүүд олон байдаг.

Хоол зүйч хүнээс хоол хийхээс гадна, өөр ур чадварыг ч бас шаарддаг.

"Ажлын талбарыг бүрэн ойлгож,харилцагч тал юу хүсэж байгааг мэдэрч чаддаг харилцааны ур чадваруудыг төрийн албан хаагчаар ажиллаж байхдаа мэдэж авсан нь надад ихээхэн хэрэг болсон доо. Дээр нь би өөрөө ч хүний хүсэлтийг биелүүлэх дуртай хүн. Энэ нь миний зан чанартай тохирдог гэж боддог."

ХҮҮХДЭЭ АЖИЛ ДЭЭРЭЭ АВЧРАХ БОЛОМЖТОЙ АЖЛЫН БАЙР

“Багаасаа хоол хийх дуртай байсан маань одоо миний ажил болсон. Дахин гэрлэж, төрсний дараа,  шинэ зорилгоо олсон. Энэ нь хүүхэд төрүүлсэн ажилтнууд, ажлаа үргэлжлүүлж чадах орчинг бүрдүүлэх тухай юм.

Охиноо төрүүлсний дараахан би зураг авалтын талбай руу явахдаа нуруундаа үүрчхээд л явдаг байлаа. Ажиллаж байх зуур продесер, нүүр будагч, жүжигчид ээлжээр охиныг минь харж өгдөг байсан.

"Хүүхэд төрүүлчихээр өмнөх шигээ үргэлжлүүлэн ажиллаж чадахгүй нь дээ гэж бодож байсан ч, хэрхэн ажиллахаа зөв шийдэж чадвал боломжтой байж магадгүй юм гэж бодож эхэлсэн. Оффисоо ч бас ижил байдлаар зохион байгуулъя гэж бодоод, энэ орон суууцанд дахиад нэг оффисын өрөө бий л дээ, тэнд хүүхэдтэйгээ ирсэн ажилтнууд ажиллаж болохоор болгож тохижуулж байна. Өнөөдөр л гэхэд нэг ажилтан маань хүүхдээ дагуулж ирээд 3 цагийн турш ажиллалаа.”

Дуртай зүйлээ хийж ажиллах боломжийг бий болгохыг зорин ажиллах Хара бүсгүй. Тэрээр тогоочоо ч, захирлын ажлаа ч хамтад нь амжуулан хоолоо хийсээр, ажлаа бүтээсээр л явна.