Монгол Японы төвөөс Бизнесийн үндсэн сургалтын удирдлагын ангийн болон ахисан түвшний “Хүний нөөцийн менежмент” сургалтуудыг зохион байгууллаа. Тус сургалтыг Японы хүний нөөцийн менежментийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, 15 гаруй жил байгууллагын бүтэц, хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж ирсэн туршлагатай, хүний нөөцийн менежмент болон хүний нөөцийн технологиор мэргэшсэн багш Добаши Хаяато удирдан явуулав.
Сургалтын явцад суралцагчдын анхаарлыг ихээр татаж, чих тавин сонсоход хүргэж байсан нь япон компаниудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын процесс хэрхэн явагддаг талаарх агуулга байсан юм.
Тодруулбал, сонгон шалгаруулалт нь тухайн компанийн маркетингийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд ажлын байрны зар гаргахдаа EVP (Employer Value Proposition) буюу компанийнхаа тухай мэдээллийг үнэн зөвөөр нь таниулахаас эхэлнэ. Ингэхдээ тухайн зараа AIDMA загварыг ашиглан зураглавал илүү үр дүнтэй бөгөөд олон хүнд хүрэх боломжтой.
Цаашлаад сонгон шалгаруулалтын үндсэн процессыг ямар шат дараатай, ямар шаардлагуудыг ханган явуулбал илүү үр дүнтэй байх вэ гэдгээс гадна сонгон шалгаруулалтын ярилцлагыг үндсэн 3 хэсэгт хуваан хийж, ямар асуултыг асууж болох вэ, ямар асуултаас зайлсхийх вэ зэргийг бодолцох хэрэгтэй хэмээн багш маань япон болон олон улсын жишээн дээр тайлбарлаж баялаг агуулгатайгаар сургалтаа орлоо.