Сүүлийн жилүүдэд цар тахлын нөлөөгөөр цахим хэлбэрээр явагдаж байсан “Японд суралцах тухай мэдээллийн яармаг” 2 жилийн дараа 2022 оны 10-р сарын 8 (Бя), 9 (Ня)-ний өдрүүдэд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд дахин танхимаар зохион байгуулагдлаа. 13 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд Японы 13 их сургууль танхимаар 1 сургууль материалаар оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Японд суралцах хүсэлтэй оюутан залуус маш ихээр оролцсон бөгөөд 2 хоногийн нийлсэн дүнгээр 2200 гаруй хүн ирсэн нь урьд өмнөх мэдээллийн яармагт ирсэн хүмүүсийн тоог илт давсан үзүүлэлт болсон юм.
Мэдээллийн яармагийн өмнөх өдөр буюу 10-р сарын 7 (Ба)-ны өдөр, Японы их сургуулиудын төлөөлөгчид япон болон англи хэлийг гүнзгийрүүлэн суралцдаг бүрэн дунд боловсролын сургуулиудтай танилцах хөтөлбөрт хамрагдсан юм. Энэхүү хөтөлбөр нь мэдээллийн яармагт оролцож буй япон сургуулийн танилцуулах семинар болон элсэлтийн талаарх мэдээллийг тухайн сургуулийн сурагчидтай хуваалцаж, Японд суралцах талаар санал солилцдог билээ.
Мэдээллийн яармагийн эхний өдөр буюу 10-р сарын 8-ны бямба гарагт арга хэмжээг нээж Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюки үг хэлэн, МУИС-ийн санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирал Ц.Болормаа, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц. Даваадорж нар мэндчилгээ дэвшүүлэв.
“Японд суралцах тухай мэдээлийн яармаг”-ийн хөтөлбөр нь Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга, Японд суралцах талаар ерөнхий танилцуулга, Япон улсад тэтгэлгээр суралцаж ирсэн оюутны яриа, мэдээллийн яармагт оролцож буй сургуулиудын танилцуулга болон сургууль тус бүрийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх булан зэргээс бүрддэг. Оюутан залуус маань өөрсдийн суралцах чиглэлээр элсэлт авч буй сургуулийн ганцаарчилсан зөвлөгөө өгөх буланд очиж тэтгэлэгт хөтөлбөрөөс гадна өөрт хэрэгтэй мэдээллүүдээ олж авч байлаа.
Мэдээллийн яармагийн сүүлийн өдөр буюу 10-р сарын 9 (Ня)-ний өдөр, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгээс “Японд сурч мэдсэн туршлага” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Тус нээлттэй хэлэлцүүлэг нь “Жугамо” нийгэмлэгээс зохион байгуулдаг “TALKio-Let’s about ideas & opportunities”-ын 3 дахь цуврал бөгөөд улсын болон хувийн зардлаар, япон англи хэлээр, 1000 инженерийн хөтөлбөрөөр Японд суралцсан залуус өөрсдийн туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан.
Япон улсад суралцах Монгол оюутны тоо жилээс жилд өсөж байна. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Монголынхоо оюутан залуусыг Японы их дээд сургуульд амжилттай суралцаж төгсөөд, ирээдүйд Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин болохыг дэмжиж жил бүр энэхүү мэдээллийн яармагийг зохион байгуулахын сацуу Японд суралцах талаар зөвлөгөө зөвлөмжийг байнга өгдөг билээ.
Ирэх жил ч гэсэн Япон улсаас олон олон их сургууль, байгууллагын төлөөлөгчид “Японд суралцах мэдээллийн яармаг”-т оролцож, Японд суралцахыг хүсэж буй оюутан залууст хэрэгцээтэй мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.
Ерөнхий зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хамтран зохион байгуулагч: Монгол Улсын Их Сургууль
Японд сургууль төгсөгчдийн “JUGAMO” нийгэмлэг
Дэмжигч байгууллага: Монгол дахь Япон улсын элчин сайдын яам
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)
Оролцогч их сургуулиуд: Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль, Иватэ их сургууль, Киото дэвшилтэт шинжлэх ухааны их сургууль, Күмамото мужийн асаргааны консерциум, Осака их сургууль, Олон улсын их сургууль, Нагоя худалдаа, бизнесийн их сургууль, Рицүмэйкан ази номхон далайн их сургууль, Сайтама их сургууль, Токио олон улсын их сургууль, Токүшима их сургууль, Тоокай их сургууль, Хёого мужийн их сургууль, Ямагата их сургууль.