Үйл явдал
ҮЕ ҮЕИЙН БИЗНЕСИЙН СУРГАЛТ ТӨГСӨГЧИДДӨӨ ЗОРИУЛСАН ТУСГАЙ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-05-24

2022 онд Монгол-Японы төвийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой тус тус тохиож байна. Ойн үйл ажиллагааны хүрээнд тус төвөөс үе үеийн бизнесийн сургалт төгсөгчиддөө зориулсан тусгай семинарыг “МОНГОЛЫН КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТЭД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ, ЯПОНЫ ЖИШЭЭНЭЭС СУРАЛЦАХ НЬ” сэдвийн дор 5 сарын 14-нд амжилттай зохион байгууллаа.

Тус семинар нь ЗОЧИН ИЛТГЭГЧДИЙН ИЛТГЭЛ, ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ гэсэн 3 хэсэгтэй зохион байгуулагдсан юм. Семинарыг нээж Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж мэндчилгээ дэвшүүлсэн ба түүний дараа МЯТ-ийн ерөнхий зөвлөх Ониши Ёшифүми “Байгууллагын соёлын хүч” сэдвээр, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд бүтэц, хот байгуулалт, хувийн хэвшлийн салбар хариуцсан суурин төлөөлөгч Койзүми Тайга “COVID-19-н үед Япон компаниудын хэрэгжүүлсэн сайн туршлага” сэдвээр, Монголын Кайзэн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал “Монгол компаниудын менежментийн тулгамдсан асуудлууд ба шийдлүүдийн жишээ” сэдвээр тус тус сонирхолтой илтгэлүүдийг тавьсан юм.

Зураг 1. МЯТ-ийн ерөнхий зөвлөх Ониши Ёшифүми

Зураг 2. ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд бүтэц, хот байгуулалт, хувийн хэвшлийн салбар хариуцсан суурин төлөөлөгч Койзүми Тайга

Зураг 3. Монголын Кайзэн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал

Илтгэлийн дараа “МОНГОЛЫН КОМПАНИЙН МЕНЕЖМЕНТЭД ТУЛГАРЧ БУЙ АСУУДАЛ” сэдвээр панел хэлэлцүүлгийг өрнүүлэв. Хэлэлцүүлгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор Н.Батдэлгэр удирдан явуулж, комментатороор ЖАЙКА-ийн Хоёр орны хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Накамура Коо оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд Жүр-Үр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэ, Урбан бизнес группын ТУЗ-ийн дарга Д.Тунгалаг нар нь тус төвийн үндсэн сургалтаас өөрсдийн компанид хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцав. Түүний дараа Монголын компаниудад тулгарч буй нэн тэргүүний асуудал болох “Хүний нөөц”-ийн талаар хэлэлцсэн юм. Оролцогчид ихэвчлэн хүний нөөцийн бодлого, менежментийн талаар асууж байлаа.

Зураг 4. Панел хэлэлцүүлгийн үеэр

Зураг 5. МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэд профессор Н.Батдэлгэр

Зураг 6. ЖАЙКА-ийн Хоёр орны хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Накамура Коо

Зураг 7. Шин-Хикари ХХК-ийн захирал, Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаа

Зураг 8. Урбан бизнес группын ТУЗ-ийн дарга Д.Тунгалаг

Зураг 9. Жүр-Үр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэ

Ийнхүү хэлэлцүүлгийн дараах чөлөөт уулзалтаар оролцогчид хоорондоо танилцаж, харилцан туршлага болон мэдээллээ солилцсон үр дүнтэй семинар болж өндөрлөв.

Семинарт хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төгсөгчид, тус төвийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг та бүхэндээ талархал илэрхийлж, цаашдых нь ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье.