МЭДЭЭЛЭЛ
ГАГНЕГИЙН 9 ШАТЛАЛТ ЗАГВАР
2021-01-08

     Сайн байцгаана уу? Намайг Мицүмото гэдэг. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Япон хэлний тасгийн мэргэжилтэн. Япон хэлний багш бөгөөд суралцагчдад япон хэл заахын сацуу япон хэлний багш нарт зориулсан заах аргын сургалтыг ч хариуцан явуулдаг. Энэ нийтлэлээрээ зөвхөн япон хэл төдийгүй, ямар нэг зүйлийг хэн нэгэнд заах үед хэрэглэгдэхүйц “Гагнегийн 9 шатлалт загвар (Nine steps of instruction)”-ын талаар танилцуулъя.

  • Багш нар хэрхэн, ямархуу байдлаар хичээл заавал суралцагчдад ойлгомжтой байх вэ?

     Багш нар хичээлдээ олон янзын арга хэрэглэдэг. Бичлэг, зураг үзүүлэх, асуулт асуух, санаа сэдэл өгөх, дэлгэрэнгүй тайлбарлах, дасгал хийлгэх, магтан урамшуулах, алдааг нь тайлбарлах, гэрийн даалгавар өгөх зэрэг. Эдгээр аргыг ихэнх багш нар хэрэглэдэг бөгөөд Америкийн сэтгэл судлаач Р.Гагне нь эдгээр үйлдлийг 9 шатлалд хувааж ангилжээ. Үүнд:

  1. Суралцагчдын анхаарлыг татах, сэдэлжүүлэх
  2. Хичээлийн зорилгыг тайлбарлах
  3. /Шаардлагатай гэж үзвэл/ Өмнө үзсэн зүйлийн талаар сануулах
  4. Шинээр сурах зүйлсийг тайлбарлах
  5. Сурах арга барилыг олгох /Ойлгоход нь туслахын тулд юу хийх вэ?/
  6. Дасгал ажиллах
  7. Хичээлийн талаарх дүгнэлт хэлэх
  8. Хичээлийн үр дүнг дүгнэх
  9. Сурч мэдсэн зүйлээ урт удаан хугацаанд мартахгүй байх, өргөн хүрээнд хэрэглэж чаддаг байх

Дээрх 9 шатлалыг хичээлд дараах 3 явцад хувааж үздэг. Сэдэлжүүлэх хэсэг Өрнөл хэсэг Дүгнэлт хэсэг гэж нэрлэдэг.

  • Сэдэлжүүлэх хэсэг

Заах агуулгатайгаа холбоотой зураг, бичлэг үзүүлэх, асуулт асууж, агуулгынхаа талаар бодуулах зэрэг нь энэ хэсэгт хамаарна.

  1. Тухайн өдрийн зорилгоо танилцуулсны дараа, суралцагчдын ажил, амьдралд хэрхэн холбогдох талаар танилцуулна.
  2. Тухайн өдрийн хичээлтэй хамааралтай мэдлэгийг нь эргэн сануулна.
  3. Энэ хүртэл явахад, суралцагчид тухайн хичээлийн агуулгын талаар сонирхож, тухайн өдрийн агуулгаа бүрэн эзэмшихийн тулд өөрийн бодол санаагаа бэлдсэн байдаг. Ойр жишээ татвал, хүүхдүүдэд хоол хийх хичээл заахдаа шууд хутга бариулаад мах ногоо хэрчүүлэлгүй, тухайн хоолны зургийг үзүүлж, идэж үзсэн эсэхийг асууж, идэж үзсэн хүүхдүүдээр ямар амттай байсныг нь яриулаад, өнөөдөр бүгдээрээ энэ хоолыг хийж чаддаг болно гэдгээ хэлнэ. Харин дараа нь тухайн хоолонд ямар ямар ногоо хэрэглэгдэж байна вэ, ямархуу дарааллаар яаж хийхээр байна вэ гэдгийг суралцагчдаар ерөнхийд нь яриулна.

                                            

  • Өрнөл хэсэг

Хичээлийн гол хэсэг болох өрнөл хэсэг нь Input болон Output гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Input хэсэгт

  1. Шинээр сурах зүйлсээ суралцагчдад танилцуулна.
  2. Шинэ агуулга эзэмшихэд нь багшийн зүгээс төрөл бүрийн аргаар туслалцаа үзүүлнэ.

Жишээ нь, дагуулж хийлгэх, анхаарах ёстой зүйлсийг хэлж өгөх, асуулт асуух, сэдэл санаа өгөх, асуултанд нь хариулах, тайлбарлах зэрэг. Ерөнхийдөө суралцагчид тухайн хичээл дээр ойлгох ёстой зүйлсийг энэ хэсэгт ойлгоход нь тусална.

  1. Дараа нь тухайн ойлгосон агуулгаа хэрэглэж чадахуйц Output хэсэг эхэлнэ. Өөрөөр хэлбэл, дасгал ажлууд гэсэн үг.
  2. Дасгал хийсний дараа, тухайн дасгалыг дүгнэж ярилцана. Тэр үед, суралцагчид өөрийн ойлгосон нь зөв эсэхийг өөрөө мэдэж авна.

Хэрвээ дээрх хоёр шатлалыг алгасвал, суралцагчид өөрийн ойлголтыг зөв эсэхийг мэдэлгүй, нэг үгээр хэлэхэд тухайн хичээлийг ойлгоогүй чигээрээ дараагийн шинэ агуулга руу ордог. Багшийн зүгээс ч мөн, суралцагчид ойлгож чадсан эсэхийг мэдэхгүй учраас цаашид заахад хэцүү болдог.

                                          

  • Дүгнэлт хэсэг
  1. Энэ хэсэгт сурлагын амжилтыг төрөл бүрээр үнэлж болно. Жишээ нь, ангийнхны өмнө богинохон илтгэл яриа хийлгүүлэх, суралцагчдыг бүлэгт хуваангаа богино бичвэр, зохион бичлэг бичүүлэх зэрэг. Мөн, зөвхөн багш төдийгүй, суралцагч өөрөө мөн, бусад суралцагчид, эсвэл гаднаас өөр хүн оруулж үнэлгээ хийлгэж болно. Үнэлгээний хэсгээр дамжуулан суралцагчдын сэтгэл ханамжийг мэдэж, шинэ дасгал, даалгавар ч өгч болно.
  2. Хамгийн сүүлд нь суралцсан зүйлсээ мартахгүйн тулд, өөр бусад нөхцөл байдалд ч хэрэглэж чадахаар бататгах нь чухал. Тийм учраас, гэрийн даалгавар өгөх, шалгалт авах, дараагийн хичээлийн өмнө давтлага хийх зэргээр бататгаж болно. Мөн, гадаад хэлний хичээлд бол ангид сурсан зүйлээ өөр бусад үед ч ашиглаж болохуйцаар суралцагчдыг сэдэлжүүлэх хэрэгтэй. Фэйсбүүк болон инстаграм зэргээр зуны амралтын аялалын талаар бичиж, зурагтай нийтэлж ч болох юм.

  • Төгсгөлд нь

“Гагнегийн 9 шатлалт загвар” нь хэр санагдаж байна вэ? Дараагийн удаа та өөрөө суралцагч болоод ямар нэг зүйл шинээр сурах үед эдгээр 9 шатлалыг ашиглаж суралцвал илүү үр дүнтэй суралцаж чадна.

Мөн, ямар нэг зүйл заах боломж гарвал, хичээлийн төлөвлөгөө гаргах, хичээлийн материал бэлдэх, заах аргадаа үнэлгээ хийх зэрэгт ч хэрэглэж болох юм.