МЭДЭЭЛЭЛ
ЯПОНЫ ERINA REPORT (PLUS) СЭТГҮҮЛД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААР НИЙТЭЛСЭН БАЙНА
2020-05-15

Японы ERINA REPORT (PLUS) эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2020 оны 2-р сарын 152-р дугаарт Монгол улсын эдийн засгийн талаарх доорх өгүүллүүдийг нийтэлсэн байна. 
- Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
- Монгол дахь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх нь
- Цалингийн бүтцийн шинжилгээ
- Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа
- Монгол дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо болон эрэгтэйчүүдийн ажилгүйдлийн талаар

Та энд дарж эдгээр эрдэм шинжилгээний өгүүллүүдийн дэлгэрэнгүйг үзнэ үү.

ERINA REPORT сэтгүүл нь 135 дахь дугаараасаа эхлэн ERINA REPORT (PLUS) нэртэйгээр өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг олон талт өнцөгөөс судалж тайлбарласан  өргөн хүрээний шинжлэх ухааны сэтгүүл болсон юм. Тус сэтгүүл нь зүүн хойд азийн эдийн засгийн судалгаа болон эрдэм шинжилгээний өгүүллэг нийтлэхээс гадна, тухайн бүс нутагт хэрэгжүүлж буй бусад орны арга хэмжээ, бодитоор тулгарч буй асуудлуудад дүн шинжилгээ хийсэн судалгаа болон мэргэжлийн хүмүүсийн  зөвлөгөө тайлбар зэргийг тусгаж, онол практикийг хослуулсан өргөн хүрээний мэдээллийг хүмүүст хүргэдэг. Зүүн хойд азийн эдийн засгийн судалгаанд хувь нэмэр оруулах үүднээс сайн судалгаанд суурилсан эрдэм шинжилгээний ажлыг нийтэлдэг олон улсад нэртэй сэтгүүл юм. 


Тус сэтгүүлд нийтлэгдсэн “Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгаа”-г Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв болон Эн-Ар-Си-Си ХХК-аас гаргадаг бөгөөд энэхүү судалгааны үр дүнгээ улирал тутмын тайлан болгож 2009 оноос хойш гаргаж ирсэн билээ. 

“Хэрэглэгчийн итгэлийн  индекс” нь эдийн засгийн ерөнхий байдал болон өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэрэглэгчид хэр зэрэг өөдрөг бодолтой байгааг хэмждэг. “Хэрэглэгчийн итгэлийн индекс” болон түүнтэй төстэй индексүүдийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украйн, Хонг-Конг, Хятад, Чех, Япон зэрэг олон улс оронд тооцож гаргадаг бөгөөд энэ нь эдийн засгийн ерөнхий байдлыг харуулдаг гол үзүүлэлтүүдийн нэг юм. Хүмүүсийн хэрэглээ, хадгаламж нь тэд өөрсдийн цалин, орлогын тогтвортой байдлын талаар хэр зэрэг итгэлтэй байгаагаас ихээхэн хамаардаг. Тухайлбал, эдийн засгийн байдал сайжрахын хирээр хэрэглэгчдийн итгэл дээшилбэл бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэнэ.  Харин эдийн засгийн байдал муудахын хирээр хэрэглэгчдийн итгэл буурвал хэрэглэгчид хэрэглээгээ багасгана.

Монгол улсад бусад орнуудын нэгэн адилаар хувийн хэрэглээний зардал ДНБ-ий хамгийн том бүрэлдэхүүн хэсэг байдаг бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн хамгийн том худалдан авагч нь монголын нийт өрхүүд юм. ҮСХ-ны мэдээлснээр 2018 онд өрхийн хэрэглээ ДНБ-ий 60.2 хувийг эзэлж байна. Монголын “Хэрэглэгчийн итгэлийн индекс” нь эдийн засгийн ерөнхий дүр төрхийн талаарх мэдээлэл өгдөг үзүүлэлтүүдийн нэг болохын хувьд улсын болон хувийн байгууллагуудад эрэлт, хэрэгцээтэй байна.
МУИС-ийн ЭЗС-ийн эрдэмтэн, судлаачдын баг анх удаа 2009 оны 4 сард Нээлттэй Нийгэм Форумтай хамтран Улаанбаатар хотод “Хэрэглэгчийн итгэлийн индекс” (ХИИ) судалгаа хийж, үр дүнг тайлан болгон хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон. Уг судалгаа түүнээс хойш тасралтгүй 10 жил хийгдэж байна.