МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ОРНЫ СОЁЛООС ТАНИЛЦУУЛАХ НЬ – УРЛАГИЙН БҮТЭЭЛ МЭТ ХАРАГДАХ “АМЬД МЕНЮ”
2020-02-18

Ихэнх улс орнуудад үйлчлүүлэгчид ресторанд ороод хоолоо захиалахдаа єнгєлєг зураг бүхий хоолны меню, эсвэл чамин нэрс бүхий хоолны цэсийг харж захиалдаг бол харин Японд меню-ээс гадна, тухайн хоол яг бодитоор ямар болохыг харуулсан “Амьд меню”-ээс харж хоолоо сонгох боломжтой байдаг гэдгийг мэдэх хүн цөөнгүй биз ээ.   

Японы ресторан, зоогийн газрууд нь цэсэнд орсон хоолнуудаа үүдний хэсгийн шилэн хоргонд загвар болгон байршуулсан байх нь элбэг бөгөөд энэхүү уламжлал аль Тайшо эриний /1912-1926 он/ төгсгөл үеээс эхтэй ажээ. Нэгэн зоогийн газрын эзэн загваруудыг шилэн хоргоны ард байршуулах санааг анх сэджээ. Түүний энэхүү санаа нь үр дүнтэй болж, үйлчлүүлэгчид түүний зоогийн газраас салахаа больжээ. Тун удахгүй бусад зоогийн газрын эзэд ч түүнээс санаа авч захиалж эхэлснээр, хоолыг лааны тос болон бусад материалаар дуурайлган хийх үйлдвэрлэлийн эхлэл тавигдсан байна.

Ивасаки Такизоо /1895-1965/
Ивасаки Такизоо /1895-1965/

  

Шёова эриний долдугаар он буюу 1932 онд Ивасаки Такизоо нь хоолны загварын анхны үйлдвэрийг нээж, бүтээгдэхүүнээ ресторануудаар борлуулж эхэлсэн нь эдүгээ энэ салбартаа тэргүүлэх хамгийн том үйлдвэрлэгч групп болох “Ивасаки” группийг үүсгэн байгуулах эхлэл нь болжээ. 

Анхны хоолны загвар болох “амтат омлет”
Анхны хоолны загвар болох “амтат омлет”

Хоолны загваруудыг анх лааны тосыг хайлуулж хэвэнд цутгах маягаар хийдэг байсан бол одоо силиконон хэв ашиглаж, шингэрүүлсэн хуванцараар хийдэг болсон бөгөөд тєрєл бүрийн шинэлэг материалууд болон орчин үеийн технологийн дэвшлийг гар урчуудын ур дүйтэй хослуулан, үнэхээр л бодит мэт харагдах “амьд меню”-г бүтээсээр байна. Энэ нь ч Японы өвөрмөц соёлын нэг болон өргөжин тэлсээр байна.

Сүүлийн үед энэхүү хоолны загварыг өөрийн биеэр хийж үзэх боломжтой сургалтыг газрууд бий болж, гадна дотны жуулчид сонирхогчдын очих дуртай газрын нэг болжээ. Мөн хоолны загвараар хийсэн түлхүүрний оосор зэрэг нь эрэлтэт барааны нэг болсон байна.

Эх сурвалж: https://www.ganso-sample.com/about/