МЭДЭЭЛЭЛ
СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН 25 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА!
2019-10-31

 Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн нь энэ жил 25 дахь удаагаа Япон Улсын Элчин Сайдын Яам, Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС-ийн гадаад хэлний сургууль, Япон Сангаас хамтран А ангилал буюу “Их дээд сургуулийн оюутан”,  Б ангилал буюу “10-12 дугаар ангийн сурагч” гэсэн 2 ангиллaaр зохион байгууллаа. Мөн  Монгол дахь Япончуудын холбоо, Монгол дахь Японы худалдааны танхим дэмжин ажилласан юм.

Энэхүү тэмцээн нь нэг сургуулиас 3 хүртэлх оролцогчийг нэр дэвшүүлэх бөгөөд 1-р шатанд зохион бичлэгийн шалгаруулалт,  2-р шатанд ярилцлагын шалгаруулалт, 3-р шат  илтгэлийн тэмцээн гэсэн шатлалтай. Эхний 2 шалгаруулалтын үр дүнд ахлах ангийн 10 сурагч, их сургуулийн 10 оюутан тус тус илтгэлийн тэмцээндээ тунан үлдсэн юм.

 Тус тэмцээн 2019 оны 10-р сарын 26-ны Бямба гарагт Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд явагдсан ба тэмцээний эхэнд монгол дахь Япон Улсын Элчин Сайдын Яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ичиока Акира үг хэлж тэмцээн албан ёсоор нээлтээ хийлээ.

Ахлах ангийн ангилал 「私の大切な時間」сэдвээр,их дээд сургуулийн оюутны ангилал 「ソーシャルメディアと私」 гэсэн сэдвээр илтгэл тавьлаа.

 Ангилал тус бүрд оролцогчид өөрийн оюун бодолдоо тунгааж, сэтгэлээ шингээн бичсэн зохион бичлэгээ өөрийн гэсэн онцлогтойгоор илтгэсэн бөгөөд ахлах ангийн илтгэлийн агуулгад “Бага балчир байхдаа өвөө, эмээгийн хайранд энхрийлүүлж өссөн цаг хугацаа маань маш үнэ цэнэтэй байжээ. Цаашид өөрийн гэр бүл, найз нөхөд, хүмүүстэй сайхан харилцаатай байж, тус дэмж болж явах юмсан.  Цаг хугацааг нандигнан хайрлаж байя.”гэсэн санааг үзэгч сонсогчид хэлэхийг зорьж буй нь сэтгэлд тод үлдсэн юм.

 Харин их сургуулийн оюутнуудын сэдэв “Сошиал медиа ба би” гэсэн сэдэвтэй байсан бөгөөд одоо цагт түгэн дэлгэрч буй сошиал медиа /фейсбүүк, инстаграм г.м/-н мэдээ мэдээллүүдээс өөрсдөдөө хэрэгтэй мэдээллүүдийг олж авч, үр ашиггүй цагаа үрж, түүнээс авсан худал хуурмаг мэдээллээс болж эргэн тойрны хүмүүсийн нэр хүндэд халдах, буруу хандлага гаргахгүй байх хэрэгтэйг уриалж байлаа. Мөн хамгийн чухал нь юуны төлөө, хэрхэн хэрэглэх талаар хувь хүн бүр эргэцүүлэн бодож, өөртөө дүрэм журам боловсруулж, өөрт хамгийн ашигтайгаар, зөв зохистойгоор хэрэглэх нь чухал гэсэн мэссэжийг үзэгч сонсогчдод хүргэхийг чин сэтгэлээсээ зорин илтгэлээ тавьж байлаа.

 

 Тэднийг хөгжөөн дэмжихээр гэр бүл, сургуулийн багш, найз нөхөд нийтдээ 142 үзэгчид хүрэлцэн ирсэн байв. Үзэгч, сонсогчид оролцогчдын илтгэлийг шимтэн сонсож баясаж, нулимс дуслуулж, эргэцүүлэн бодож, бодлогоширч, өөрийн талаар дүгнэн суусан цаг мөчүүд танхимд өрнөлөө.  Мөн илтгэгч хүүхдүүдийн япон хэлний уран чадварыг гайхан биширч, баярлах бахдах сэтгэлээр дүүрэн дурсамжай бөгөөд үр өгөөжтэй 1 өдрийг өнгөрүүлсэн гэж найдаж байна.

Энэхүү тэмцээний нэг онцлог зүйл нь ангилал тус бүрд 1-3 дугаар байр, тусгай байрын шагнал олгосон бөгөөд зөвхөн 1-р байр болон тусгай байранд орсон оролцогчид Японы засгийн газрын “JENESYS-2019” хөтөлбөрөөр Япон улсад аялах эрхээр шагнасан явдал байлаа.

Тус тэмцээний шагналт байранд шалгарсан сурагч ба оюутнуудыг дурдваас:

Ахлах ангийн ангиллын шагналт байрууд

Нэгдүгээр байр : Б. Мандухай /Монгени цогцолбор сургууль/

Дэд байр: Ч. Баярчимэг /Шинэ Монгол Харүмафүжи сургууль/

Гуравдугаар байр: А. Энхмаа /Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль/

Тусгай байр: П. Мөрөн /Монгол-Японы Хамтын Ажиллагааг Дэмжих Байгууллага/

   Үүнээс “JENESYS-2019” хөтөлбөрөөр Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн сурагч Ч. Баярчимэг,  Монгол-Японы Хамтын Ажиллагааг Дэмжих Байгууллагын суралцагч П. Мөрөн нар Япон улсад аялах эрхээр шагнууллаа.  Урьд өмнө нь япон улсад зорчиж байгаагүй гэсэн нөхцлийн үүднээс 2-р байранд шалгарсан сурагчийг япон улсад аялуулах эрх олгохыг шүүгчдийн зүгээс шийдвэрлэсэн болно.

 

Их, дээд сургуулийн оюутны шагналт байрууд

Нэгдүгээр байр :Б. Ундрал /МУБИС, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Дорно дахины хэлний тэнхим/

Дэд байр:Б.Энэрэл /Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль/

Гуравдугаар байр:О.Дамдиндулам /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв/

Тусгай байр:Б.Цасангоо /МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Нагояагийн их сургуулийн Японы эрх зүйн боловсрол, судалгааны төв/

   Нэгдүгээр байрын эзэн  Б. Ундрал, Дэд байрын эзэн Б.Цасангоо нар “JENESYS-2019” хөтөлбөрөөр япон улсад аялах эрхээр шагнууллаа.

 

 Ийнхүү оролцогч, багш, үзэгч сонсогчид баяр хөөрөөр дүүрэн тэмцээн маань амжилттай өндөрлөлөө. Дараа жилийн япон хэлний уран илтгэлийн тэмцээнээр дахин баяр хөөртэйгөөр уулзацгаая.