МЭДЭЭЛЭЛ
ТОРИИ ХААЛГА (鳥居 буюу Шувуун зогсоол)
2019-08-20

Энэхүү хаалга нь Япон даяар алдартай нэгэн гайхамшигт өв юм. Энэ хаалга яг ямар утга учиртай болох, яагаад ийм алдартай байдгийг энэ удаад хүргэхээр бэлтгэлээ.

Торий хаалга нь дэлхийд алдартай бөгөөд, өөрийн гэсэн утга агуулгатай 60 гаруй төрлийн  загвартай Япон орон даяар байрласан хаалга юм. Энэ хаалга нь Японы шинто шашны сүмийн үүдэнд байх ба хүний ертөнцөөс бурхдын ертөнцийг тусгаарладаг хаалга гэж үздэг юм байна. Японы газрын зураг дээрх Шинто шашны сүмүүд тус хаалганы тэмдэглэгээгээр тэмдэглэгдсэн байдаг байна. Ихэнх хаалга нь чулуу болон модоор хийгдсэн байдаг ба орчин үед цемент, төмөр зэрэг материалаар хийх болсон байна.

Тории хаалганы талаар Хэйаний үе буюу 922 оны үед бичигдсэн сударт дурдсан байдаг. Үүсэл гарлын хувьд Энэтхэгийн буддын шашны сүмийн торана хаалгатай төстэй бөгөөд японд буддын шашин орж ирснээр тории хаалга бий болсон болов уу гэх таамаг байдаг. Одоо үед үлдсэн хамгийн эртний чулуун хаалга нь 12-р зуунд босгосон Ямагата мужид байх Хачиман сүмийн хаалга байна. Харин модон хаалга гэвэл1535 онд босгосон Яманаши мужид байх Күбоо хачиман сүмийн үүдэнд байна.

Сонирхолтой мэдээ:

Хамгийн алдартай,урт удаан жилийн түүхтэй хаалга бол Хирошима мужид байрлах Ицүкүшима сүмийн  хаалга юм. Энэхүү сүм нь далайн эрэгт байрлах ба далайн түрлэгийн үеэр усанд хөвж харагддагаараа алдартай бөгөөд сүм болон хаалгыг “ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалт”-д оруулсан бөгөөд үүнээс гадна Японы засгийн газар хэд хэдэн түүхэн дурсгалт барилга байгууламж, соёлын үнэт өвийг Үндэсний баялаг хэмээн тогтоосон.

Мөн Киото хотод байрлах Фүшими Инари сүмийн 1000 гаруй үргэлжилсэн тории хаалгыг та бүхэн мэдэж байгаа байх аа. Тус сүм нь арвин ургац, эд баялагийг дууддаг сүм гэдгээрээ алдартай тул японы компаниуд, бизнес эрхлэгчид өөрсдийн хөрөнгөөр Фүшими Инари сүмд хаалга бариулан ашиг орлого, амжилтыг гуйдаг байна.

Тории хаалгаар сүмийн бурхад орж гарч байдаг гэж итгэдэг тул хаалгаар орж гарахдаа хаалганы голоор биш хажуу хэсгээр нь орж гарах ёстой байдаг.

Хамгийн том хэмжээтэй хаалга нь 2000 онд Вакаяма мужид босгосон хаалга бөгөөд гангаар хийсэн 40 м өндөр 42 м өргөн хаалга юм.

Эх сурвалж: 

https://en.wikipedia.org/wiki/Torii

https://en.wikipedia.org/wiki/Itsukushima_Shrine

https://www.facebook.com/JapanSudlaachTumurbaatar/posts/537694046390541/