МЭДЭЭЛЭЛ
ЯПОН СОЁЛЫГ ТАНИЛЦУУЛАХ ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЛЭЭ!!!
2019-05-23

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Япон сантай хамтран Япон соёлыг танилцуулах долоо хоногийн үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү арга хэмжээний эхнийх нь болох Япон үндэсний “Бүёо” бүжгийн танилцуулах хичээлийг 5 сарын 20-нд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд багш Мүцүми Шизүки болон түүний шавь нар Япон орноос хүрэлцэн ирж оролцов.

Япон үндэсний “Бүёо” бүжгийг танилцуулах хичээл маань нийт 2 хэсгээс бүрдсэн юм.

Эхний хэсэгт  Мүцүми Шизүки багш Бүёо бүжгийн утга учир, хөдөлгөөн, сэтгэл хөдлөлийг тайлбарлан бүжиж сонирхуулсан юм. 

Хацүхарү санбасоо: Шинэ он тоолол болох Рэйва-гийн үеийг угтан тэмдэглэж буй нүргээнтэй бөгөөд гоёмсог бүжиг.

Цүрүкамэ: Энх тайван, амар амгалан сайхан эрин үе маань үүрд мөнх үргэлжлэхийг хүсэн залбирахын сацуу, хөвдөөр бүрхэгдсэн үзэсгэлэнт цөөрмийн эрэг дээр тоглож буй урт удаан амьдралын бэлгэдэл болсон тогоруу, яст мэлхийг дүрсэлсэн бүжиг. 

Үмэно котобүки: Энэрэх сэтгэл болон энх тайванг бүхэл биеэрээ хүсэн, хайр татам аз жаргалтайгаар бүжиглэх баяр ёслолын  бүжиг бүжиглэв.

 

2-р хэсэгт урьдчилж бүртгүүлсэн 12 оролцогч маань япон багш нараар “Итако Аяамэ” гэх япон бүжиг заалган хамтдаа бүжиглэсэн юм.

Энэхүү бүжгэнд бороонд норсон цахилдаг цэцгийн үзэсгэлэн гоог магтан дуулж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ бүтэшгүй хайрандаа шаналах бүсгүй хайртай хүнтэйгээ уулзахын тулд хүний нүднээс далдуур, зөвхөн  бороо орох үеэр уулзахаар яардаг байсан тухай өгүүлдэг.

Хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

Дараагийн арга хэмжээ болох цайны ёслол 5 сарын 27-ны 13:30 цаг болон 17:00 цаг, 5 сарын 29-нд 10:00 цагаас болно.

Икэбана буюу цэцэг амилуулах урлаг 5 сарын 28-ны 13:00 цаг болон 17:00 цаг, 5/29-нд 10:30  цагаас болно. 

Та бүхэн хүрэлцэн ирээрэй.