МЭДЭЭЛЭЛ
ЯПОНЫ АЛДАРТ КАПСУЛ ЗОЧИД БУУДЛУУДЫН ТАЛААР СОНСОЖ БАЙСАН УУ?
2019-05-21

Япон улс нь сонин содон үйлчилгээтэй газар олон гэдгээрээ алдартай билээ. Тэгвэл энэ удаад та бүхэнд Японы дэлхийд танигдсан сонин содон үйлчилгээний нэг болох капсул зочид буудлын талаар танилцуулж байна.

Энэхүү зочид буудлыг сонирхон дэлхийн өнцөг булан бүрээс Японыг зорин очих аялагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд бусад зочид буудлуудаас ялгарах гол онцлог нь нэг өрөөнд нэг л хүн багтах боломжтой юм.

Дэлхийн анхны капсул зочид буудлыг анх 1979 онд Кишо Күрокава гэх хүн бүтээж Осака хотын Үмэда дүүрэгт нээсэн байдаг. Улмаар 2012 оноос хойш энэхүү буудлын шинэлэг үйл ажиллагааг дэлхийн олон улс сонирхох болж Хятад, Исланд, Филипин, Белги, Хонк Конг, Энэтхэг, Орос гээд дэлхийн олон улс оронд нэвтрүүлээд байна.
Үнийн хувьд мэдээж ердийн зочид буудлаас хамаагүй хямд байдаг ба, ойролцоогоор нэг хоногийн 3000-5000 иен буюу дунджаар 72.000 – 120.000 төгрөг болно гэсэн үг.

Энэхүү буудлын өрөө нь зөвхөн нэг хүнд зориулсан хэмжээтэй учраас түр зуурын аялал, нислэгээ хүлээж буй аялагчдад нэн тохиромжтой. Гэхдээ угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, саун, хооллох өрөө зэрэг нь нийтийнх байдаг. Өрөө бүрт цагаан хэрэглэл, разетка,  үсний сэнс, ариун цэврийн хэрэглэлүүд гээд бусад зочид буудлуудад байдаг хэрэгцээт бүх зүйлс багтсан байна.

Буудлын хувьд зөвхөн эрэгтэй хүн үйлчлүүлдэг, зөвхөн эмэгтэй хүн үйлчлүүлдэг эсвэл хүйс хамаарахгүй үйлчлүүлж болдог гээд янз бүр байдаг байна.

Өрөөнүүд нь Япон маягийн гүйдэг хаалгатай байх нь элбэг ба ихэнх ийм буудлын хаалгыг түгжиж болдоггүй байсан бол сүүлийн үед түгжих боломжтой өрөөтэй буудлууд нэмэгдсээр байна.

Орчин үед капсул буудлын үйл ажиллагаа нь улам бүр хөгжингүй болж люкс зэрэглэлийн өрөөтэй буудлууд хүртэл гараад байна. Энэхүү люкс буудлын өрөө тус бүр нь ор, зурагт болон ажлын ширээтэй байхаас гадна өрөө бүрд хувийн эд зүйлсээ хадгалах сейф байрлуулжээ. Мөн үйлчлүүлэгчид чөлөөтэй суух үйлчилгээний танхим, хувцас угаах өрөө зэргийг ч мөн байршуулж өгсөн байна.