Монгол-Японы төвийн бизнесийн үндсэн сургалт төгсөгчдийн “Нөхөрлөл” сагсан бөмбөгийн тэмцээн 4 сарын 6-ны бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Монгол-Японы төвийн бизнесийн үндсэн сургалтыг 17 удаагийн төгсөлтөөр 1000 орчим төгсөгч төгсөөд байна. 16-р төгсөлтийн удирдлагын ангийн санаачилгаар өнгөрсөн оноос эхлэн үе үеийн төгсөгчдийнхөө дунд сагсан бөмбөгийн тэмцээнийг уламжлал болгон зохион явуулдаг болсон билээ.
Энэ жилийн тэмцээнийг отгон төгсөгч нар буюу 17 дахь төгсөлтийнхөн зохион байгуулсан бөгөөд эрэгтэй 5, эмэгтэй 4 баг тамирчид нөхөрсөгөөр хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.
Эрэгтэйчүүдийн төрөлд 1-р байрт 14-р төгсөлт, 2-р байрт 16-р төгсөлтийн удирдлагын анги, 3-р байрт Монгол-Японы төв баг орсон бол эмэгтэйчүүдийн төрөлд 1-р байрт Монгол-Японы төв, 2-р байрт 17-р төгсөлтийн менежерийн анги, 3-р байрт 17-р төгсөлтийн удирдлагын ангийн баг тамирчид тус тус шалгарлаа. Энэ жилийн тэмцээний нэгэн онцлог нь эрэгтэй, эмэгтэй төрөлд түрүүлсэн багууд өнгөрсөн оны аваргын цомоо хамгаалсан явдал байлаа.
Цаашид тус тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана.
Амжилттай оролцсон бүх баг тамирчдадаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ нийт төгсөгчдөдөө жил бүр тэмцээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.