МЭДЭЭЛЭЛ
ЯПОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ
2019-03-18

Японы 4-р сар. Ягаахан сакүра дэлбээгээ нээж, хаврын улирал айлчлан ирнэ. Энэ үеийг угтан 6 настнууд цүнхээ үүрээд сурагч болж эрдмийн босгыг алхана.

Дэлхийн ихэнх оронд 9-р сард хичээлийн шинэ жил эхэлдэг байхад яагаад Японд 4-р сард гэж?

Ер нь бол хичээлийн шинэ жил 4-р сард байсангүй. Эдогийн үед (1603-1868 он) сургуулиудад тогтсон нээлтийн өдөр ч байсангүй. Хэзээ ч очсон сургуулийн үүд хаалга нээлттэй байдаг байж. Тухайн үеийн хүүхдүүд ар гэрээ авч явдаг томоохон хүч байсан тул хүссэн үедээ сургуульд элсэн орж болдог байв. Төд удалгүй Мэйжигийн шинэчлэлээр барууны боловсрол нэвтэрч сургуулиудыг 9-р сард эхлүүлэхээр болсон байна.

Харин Мэйжигийн 19-р онд (1886 он) улсын санхүүгийн жил 4-р сараас ирэх оны 3-р сар хүртэл байна гэж заасны дагуу тухайн үеийн боловсролын яамны сайдын тушаалаар нийт сургууль боловсролын байгууллагуудыг 4-р сард нээхээр шийдвэрлэжээ.

Үүний гол шалтгаан нь сургууль эрхлэхэд шаардлагатай хөрөнгө мөнгийг улсаас хариуцаж гаргадаг тул санхүүгийн жил 4-р сард эхлэхтэй зэрэгцэн нээхгүй бол болохгүй байх гэж бодсон байх гэсэн таамаг байдаг. Үүнээс хойш улсын хэмжээнд сургууль боловсролын байгууллагууд 4-р сард нээлтээ хийж эхэлснээр өнөөг хүрчээ. Дэлхий даяаршиж байгаатай холбоотойгоор 9-р сарыг хичээлийн шинэ жил болгох эсэх талаарч санал хэлэлцэгдэж байна.

Ихэвчлэн 4-р сарын эхээр хичээлийн шинэ жил болдог. Яг тодорхой өдрийг муж, сургуулиас шалтгаалж ялгаатай гаргадаг тул тодруулж асуух нь зүйтэй. Дээр нь нэмж хэлэхэд хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн нээлтийн арга хэмжээг хамтад нь хийдэг сургууль ч байдаг байна.