МЭДЭЭЛЭЛ
ДУРСГАЛЫН МӨНГӨН ЗООСНУУД ХУДАЛДААНД ГАРЛАА
2019-01-21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад банк, санхүүгийн систем  үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанк зоосны цувралаа мөнгөн зоосоор баяжууллаа. 

"Монголбанк 95" мөнгөн зоос нь 999 сорьцтой 1 болон 5 унц байх бөгөөд нэгд нь Ардын хувьсгалаас хойших үндэсний мөнгөн тэмдэгтийг онцолсон бол нөгөөг нь  Монгол Улсад банк үүссэн 1924 оноос өнөөг хүртэлх хугацааг илэрхийлж 95 гэсэн монгол бичээс бүхий нүүртэй бүтээжээ.

Үүнээс гадна Монголбанк “Арван хоёр жил” зоосны цувралаа “Монгол бодон” зоосоор нэмэгдүүлсэн байна. 

Анхны зоосоо улиран одож буй “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилд зориулан “Монгол банхар” хэмээн гаргасан бол хоёр дахь зоосыг  XVII жарны “Урвуулагч” хэмээх шаргачин гахай жилд зориулан худалдаанд гаргалаа. Монгол Улсын хөвч тайгын зэрлэг бодон гахайг дүрсэлсэн уг зоосыг 1 унц жинтэй, 38.61 диаметр, 999 сорьцын цул мөнгөөр цутгажээ. 

Дурсгалын зоос нь тухайн үйл явдалд зориулсан зураг чимэглэл, тусгай бичвэртэй байдгаараа бусад зоосноос ялгаатай. Монгол Улсын банк 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэтэй алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг анх гаргасан байдаг.

Улс орон бүр түүхэн онцлог үйл явдалд зориулж зоос гаргадаг бөгөөд Монгол Улс ч энэ жишгээр явж иржээ. Түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулсан, өвөрмөц загвартай, цөөн тоотой үнэт зоос эрэлт ихтэй байдаг аж.

Мэдээлэлийн эх сурвалж: https://montsame.mn/mn/read/177255