МЭДЭЭЛЭЛ
“ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” СУРГАЛТ 1-Р САРЫН 12-НЫ БЯМБА ГАРАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2019-01-15

Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн ээлжит сургалт Хүний нөөцийн удирдлагасэдвээр 1-р сарын 12-ны  Бямба гарагт зохион байгуулагдлаа.

Аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн дундаас дээш түвшний бүх ажилтнуудад хүний нөөцийн менежер байх шаардлага тулгардаг. Хүний нөөцийг зөв зохистой удирдахын тулд эхлээд “ХҮН”-ийг таньж мэдэх хэрэгтэй. Тиймээс ХҮН хэмээх менежментийн баялгийг хэрхэн чадварлаг удирдах, байгууллагын дотоод уур амьсгалыг хэрхэн эерэгээр бүрдүүлэх тухай үндсэн мэдлэгийг олгох зорилготойгоор энэхүү сургалтыг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулсаар ирлээ.

Энэ удаагийн сургалтад байгууллагын удирдлагууд болон хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудаас гадна өөр өөр салбар мэргэжлийн нийт 38 хүн хамрагдлаа.

Сургалтыг Монгол-Японы төвийн чадварлаг, туршлагатай Үндэсний сургагч багш, “Жинзай Жапан” ХХК-ийн захирал Д.Дашмаа удирдан явууллаа. Д.Дашмаа багш нь Япон улсад хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, Монголын компаниудын ажил байдалтай танилцаж, хүний нөөцийн чиглэлээр заавар зөвлөгөө өгч ирсэн туршлагатай багш билээ. Сургалтаар  хүний нөөцийн менежментийн талаарх суурь ойлголт, төлөвлөлт, бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт,  манлайлал, идэвхжүүлэлт, үнэлгээ, сургалт хөгжил, ажил горилогчоос ярилцлага авах, сайн ажилтныг таних, байгууллага хүний нөөцийн тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг багт хуваарилан хэлэлцэж, дасгал ажиллуулан, багшийн зүгээс шийдвэрлэх арга замыг зааж зөвлөж, гарц гаргаж өгсөн нь суралцагчдаас өндөр үнэлгээ аваад байна.

Сургалтад хамрагдсан нийт суралцагчдынхаа цаашдын ажил  хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Манай дараагийн бизнесийн суурь мэдлэг олгох цуврал сургалтууд маань 3-р сарын 2-нд “Үйлчилгээний ёс зүй”, 3-р сарын 16-нд “Дэлгүүрийн удирдлага”, 3-р сарын 30-нд “5S Хөдөлгөөн” сэдвүүдээр үргэлжлэх болно. 

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл МЯТ-ийн https://www.facebook.com/Mojc.business/ цахим хуудас болон 11-310879 (Exp-3) утсаар лавлана уу.