Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний сургалтуудыг Японоос уригдаж ирсэн мэргэжилтэн багш нар удирдан явуулдаг билээ. Сургагч багш нартай хийсэн ярилцлагыг та бүхэндээ цувралаар толилуулж байна.
Энэ удаад 2018.10.26-11.02-ны өдрүүдэд “ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ СТРАТЕГИ” сургалтыг удирдан явуулах Хиракава Масаказү багшийн ярилцлагыг хүргэе.
Хиракава багшийн сургалтад ЭНД дарж бүртгүүлнэ үү.
“МОНГОЛЫН КОМПАНИУДЫН ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖ”
/Бизнесийн ахисан түвшний сургалтын багш нарын ярилцлага №1/
Хиракава Масаказү нь “Номура ассет менежмент” гадаадын хөрөнгө оруулалттай компанийн бизнес стратегийн хэлтэст ажиллаж байгаад өдгөө “M’s консалтинг” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байна. Энэ удаа Монгол-Японы төвд Хиракава багшийг урьж Монголын бизнес эрхлэгчид, компанийн удирдах албан тушаалтнуудад зориулан “Японы зах зээлд гарах арга зам” сэдвээр сургалт зохион байгууллаа. (Сургалтын нэр: Бизнес хөгжүүлэлт)
Хиракава багшаас Монголын компаниудын Японы зах зээлд гарах боломжийн талаар асуусан юм.
А: Таныг анх удаа Монголд ирж байгаа гэж сонслоо. Анх удаа ирээд хичээл зааж үзэхэд Монголын талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ?
Х: Энэ удаагийн сургалтын зорилго нь Японы зах зээлд нэвтрэхийн төлөөх арга замыг эзэмших явдал юм. Монгол, Японы бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд Монгол-Японы төв энэ оноос эхлэх шинээр явуулж байгаа сургалт бөгөөд тэр утгаараа маш их хүлээлтийг үүсгэж байгаа гэж сонссон.
Миний хувьд үнэхээр гайхсан зүйл нь, нийт 30 суралцагчийн 10 орчим нь япон хэлээр чөлөөтэй ярьж чадаж байгаа явдал байлаа. Түүнээс гадна англиар ярьдаг хүмүүс ч бас хэд хэд байсан болохоор хичээлийн дундуур суралцагчидтайгаа орчуулагчгүйгээр ярилцахад ямар ч саадгүй байсан юм. Урьд нь би Европын сэргээн босголт хөгжлийн банкны ажлын шугамаар Тажикстан улсад очиж байсан. Тэр үед хэл соёлын ялгаа болон бизнесийн талаарх ойлголтын зөрүүнээс шалтгаалаад ойлголцохгүй зүйл гарч байсан. Монголд англи, япон хэлээр ярьдаг хүн олон болохоор ямар нэгэн хэлний бэрхшээлгүйгээр ярилцахаас гадна Монголчууд бидэнд их элгэмсүү ханддаг нь мэдрэгдэж байсан учраас харилцахад их амар байлаа. Мөн дээрээс нь Монгол-Японы төвийн өнөөг хүртэлх бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх үйл ажиллагааны үр дүн юм болов уу, суралцагчдын маань бизнесийн талаарх ойлголт маш өндөр түвшинд байна.
Нөгөө талаар хөгжиж буй орон болохоор юм болов уу, дэлхий нийтээр хэрэглэдэг үг хэллэгийн тархалт бага байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, Америк, Японд өргөн хэрэглэгддэг Persona, Elevator pitch зэрэг үг хэллэгийг Монголд тэр бүр хэрэглээд байдаггүй юм байна. Гэхдээ хичээлийн дундуур иймэрхүү мэргэжлийн үг хэллэгийг тайлбарлаж өгөнгүүт суралцагчид маань шууд ойлгож хүлээж авч байсан нь их талархууштай санагдаж байлаа.
Мөн хичээл дууссаны дараа суралцагч нараас “Өнөөдрийн хичээлийн энэ хэсэг нь таалагдлаа”, “Энэ хэсгийг огт ойлгосонгүй” гэх зэргээр юуг ойлгосон, юуг ойлгоогүй талаараа саналаа чөлөөтэй илэрхийлж байсан нь сонирхолтой санагдсан. Ийм суралцах идэвх чармайлтаас харахад Монгол улсын хөгжил дэвшил илүү далайцтай байх болов уу гэж бодогдож байна. Түүнээс гадна, чөлөөтэй асууж ярилцах нь хичээл зааж байгаа багшийн хувьд баярлууштай бөгөөд хамтарч ажиллахад хөгжилтэй сайхан байсан.
А: Энэ удаагийн хичээлийн гол сэдэв болох “Японы зах зээлд нэвтрэх” талаар асууя. Монгол шиг шинээр хөгжиж буй оронд ямар асуудал байгаа гэж бодож байна вэ? Мөн, Японы зах зээлд нэвтрэх нь томоохон компаниудад бол амархан юм шиг санагдаж байна. Жижиг дунд компанийн хувьд ямар асуудал байгаа бол, энэ талаар саналаа хэлнэ үү.
Х: Миний хувьд өнөөг хүртэл санхүү болон хүний нөөц бага, олон нийтэд төдийлөн танигдаагүй, “Хийх хүсэл тэмүүлэлтэй, технологийн нөөцтэй” ийм л компаниудтай хамтарч ажиллаж ирсэн. Би хөрөнгө багатай жижиг компани хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг болохоор Японы зах зээлд нэвтрэх нь боломжгүй зүйл гэж боддоггүй. Мэдээж хэрэг томоохон компаниудын хувьд хөрөнгө мөнгө болоод хүн хүч бүрдсэн байдаг ч жижиг компаниудад том компанид байдаггүй хурд байдаг. (Шинэ бизнест шинэ зам олон байдаг гэсэн утгаар)
Ийм компаниуд бизнесийн үйл ажиллагаанд идэвхтэй бөгөөд уян хатан ханддаг тул шинэ зах зээлд нэвтрэхэд илүү хялбар байдаг талтай.
Гадны компаниуд Японы зах зээлд нэвтрэхэд өндөр хөгжилтэй орных ч бай хөгжиж буй орных ч бай ялгаагүй. Хамгийн чухал зүйл нь, тухайн компани давуу талаа улам сайн зүлгэж, өөрийн нэвтрэх гэж байгаа зах зээлээ сайтар судлах явдал юм. Японы хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд одоо зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүнээс давсан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаж ирэх шаардлагатай, үүний тулд Японы зах зээлийг сайтар судлах хэрэгтэй. Монголд гэлтгүй Японы компаниудад ч гэсэн ажиглагддаг зүйл нь судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр цаашдын стратеги, төлөвлөгөөгөө боловсруулах гэсэн процессыг дутуу хийдэг. Энэ процессыг гүйцэд боловсронгуй хийчихвэл дараа нь алдаа гарсан ч дор дор нь засаад явж болно, харин анхнаасаа “за юу ч гэсэн хийгээд л үзье” гэсэн сэтгэлээр хийсэн бол цаашдаа тогтвортой амжилтад хүрнэ гэж байхгүй.
А: Энэ удаагийн таны хичээлд нийт 29 компани, ажлын байран дахь сургалтад 1 компани хамрагдлаа. Монголын олон олон компанийн өнөөгийн байдал, мэдээллийг харж, сонссон гэж бодож байна. Дэлхийн бусад оронтой харьцуулахад Монгол компаниудын Японы зах зээлд гарах боломж аль хэмжээнд байна гэж бодож байна?
Х: Богино хугацаагаар ирсэн ч хэд хэдэн компанийн ажил байдалтай танилцаж чадлаа. Танилцах явцад Японы зах зээлд гарах боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ Монголд байна гэж харагдлаа. Ийм боломжтой компаниудад төвлөрөөд дэмжээд явах юм бол ямар нэгэн байдлаар Япон талаас хамтрагч олох боломжтой. Мэдээж, яг ажиллаад ирэхээрээ тухайн компанийн удирдлага болон үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдал зэргийн сайтар судалж нягтлах шаардлагатай.
Японы зах зээлд гарах тал дээр Монголын хамгийн давуу тал бол “Японтой ойр” байдал юм. Японд суралцаж төгссөн хүн ч олон, япон хэлтэй хүн ч олон. Соёлын тал дээр ч ижил төстэй зүйл их харагдаж байна. Дээрээс нь Монгол-Японы төвийн бизнесийн сургалтын үр дүнд хүмүүсийн бизнесийн суурь мэдлэг тодорхой хэмжээнд бэлтгэгдсэн байгаа гэж бодож байна. Энэ бүгд нь Японы зах зээлд нэвтрэх давуу тал болж өгнө.
Би Хятад болон Хонг-Конгт бизнес хийж үзсэн л дээ. Тэдгээр орнуудтай бизнес хийхэд “Японы арга барилд тохируулна” гэх бодол бага байдаг юм шиг санагдсан. Мэдээж тэдгээр орнууд олон улсын бизнесийн арга барилыг ойлгож мэдэж байгаа ч гэсэн тэр. Монголын хувьд, байршил ойрхон, Японы соёл уламжлалыг ч сайтар мэддэг юм шиг сэтгэгдэл төрсөн. Тиймээс Японы зах зээлд нэвтрэх арга барилыг эзэмшиж чадах компани олон байгаа гэж бодож байна.
Цаашид Монголын компаниудад хамгийн хэрэгтэй зүйл бол тодорхой зорилтот салбар өөрөөр хэлбэл, тухайн зах зээлд нэвтрэхээр ажиллах үед тулгарах олон олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэсэн асуудал болов уу. Ийм бодит асуудалд ямар ч бэлтгэлгүйгээр, яаж ийж байгаад болгоно гэж хандахаас илүүтэй, бусад хүмүүсийн алдаа оноо, туршлага дээр судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр юуг хэрхэн хийхээ шийдвэрлэх хэрэгтэй.
А: Энэ удаагийн хичээлийн гол хэсэг нь “Үзэсгэлэнд хэрхэн оролцох вэ” байсан. Гадаадын жижиг дунд компаниуд “Үзэсгэлэнд оролцох замаар Японы зах зээлд гарах” гэсэн арга хэрэглэж байгаа нь сүүлийн үед дэлгэрч байгаа гэж үзэж болох болов уу?
Х: Үзэсгэлэн зохион байгуулагдаж буй тоо, цар хүрээ, үзэсгэлэнгийн үеэрх бизнесийн уулзалтын байдлыг харвал өмнөх өмнөхөөсөө ихэссэн гэж бодож байгаа. Японы зах зээлд гарах зорилготой компаниуд англи хэлнээс эхлээд япон хэл сурч, төрөл бүрийн туршлага судалж байна. Японы компаниуд ч гадны компаниудтай харилцаа тогтоох тал дээр анхаарч, өнөөг хүртэл байсан Японы бизнесийн онцлогоо хатуу баримтлах нь багасч ирсэн.
А: Монгол-Японы төв нь Монгол, Япон хоёр улсын бизнесийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. Таны нүдээр хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааны түвшин ямар түвшинд харагдаж байна?
Х: Одоогоос 20 жилийн өмнө намайг Хонг-Конгт байхад Хятадын эдийн засаг үсрэнгүй хөгжлийн эхний шатандаа орж байсан үе таарсан. Тэгэхэд албаны хүмүүсийн дунд эдийн засаг нь жинхэнэ утгаараа хөгжихөд ахиад хугацаа шаардагдана гэж яригдаж байсан. Гэтэл түүнээс хойш 20-хон жилийн дотор Хятад улс Америкийг давсан эдийн засгийн хүчтэй орон болно гэж хэн ч төсөөлөөгүй байх. Тухайн үед Хятад улс төсөөллөөс давсан хурдаар хөгжихийг би яг хажуугаас нь харж байсан. Ингээд бодохоор өнөө үед эдийн засгийн хөгжлийн хурд өөрчлөгдөж, эхлэлийн шатнаас өндөр хөгжлийн шат хүртлээ их хугацаа зарцуулахаа больсон гэж хэлж болно. Хятадын араас Индонез, Малайз улсууд үсрэнгүй хөгжиж ирж байна.
Бизнесийн салбарт ч гэсэн одоог хүртэл байгаагүй бизнес модель санаачилж, эхлүүлж, хөгжүүлж, өргөжүүлэх хүртэлх хурд маш эрчтэйгээр хурдасч байна. Хамгийн том жишээ хэлэхэд, Хятадын Ride Sharing (шинэ төрлийн такси үйлчилгээ) нь 2, 3-хан жилийн дотор л тархсан. Интернет хэрэглээний тархац болон оюутнуудаас эхлээд Азийн орнуудаас ирэх хүний тоо эрс нэмэгдсэн нь ийм төрлийн бизнес хурдацтай тархахад нөлөөлсөн гэж бодож байгаа. Монголд ч гэсэн үүнтэй ижил нөхцөл байгаа учраас боломж байгаа гэж бодож байна.
Эдийн засаг хөгжих үндэс нь “Тухайн улсын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар болон чанар” гэж бодож байна. Би Монголд анх удаа ирсэн учраас хангалттай судалгаа шинжилгээ хийж үзээгүй байна л даа. Тухайлбал, Монголд үйлдвэрлэсэн зөгийн бал, арьсан эдлэл зэрэг нь олон улсын зах зээлд өрсөлдөхүйц байж чадах уу гэдэг нь гол асуудал болно. Одоогоор чанарын шаардлага хангахгүй байгаа ч юм уу, эсвэл бусад орны бараа бүтээгдэхүүнтэй ижил хэмжээнд байгаа бол олон улсын зах зээл дээр илт давуу чанартай бүтээгдэхүүн болгох хэрэгтэй. Үүний тулд засгийн газрын бодлогоор өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн төлөөх зорилго болон зорилтот зах зээлээ тодорхойлж, бодитой төлөвлөгөөтэй ажиллах ёстой. Олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргахын тулд дан ганц хувийн хэвшилд даатгаад орхиж болохгүй. Монгол гэх 3 сая хүн амтай нэг бүхэл улсын хувьд аль чиглэлээ барьж ажиллах нь бусад улс орны анхаарлыг татаж чадах вэ. Тухайлбал зөгийн бал, арьсан эдлэл, эсвэл аялал жуулчлалын салбар ч юм уу, аль нь ч байсан тухайн зүйлийнхээ үнэ цэнийг улам нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг дуудах нь нэгэн чухал хүчин зүйл болох болов уу гэж бодож байна.
Ярилцлага хийсэн огноо: 2017.11.27
Ярилцлага хийсэн: ЖАЙКА-ийн мэргэжилтэн Такигүчи Рёо
Орчуулсан: О.Баярмаа
Ярилцлагын япон эхийг ЭНД дарж үзнэ үү.