МЭДЭЭЛЭЛ
Б.ШИЖИР-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭЛЭЭ
2018-08-17

200 сая төгрөгийн шагналын сантай ой тогтоолтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжинд болж, Монголоос олон улсын их мастер, Азийн аварга, дасгалжуулагч Ө.Сэнгэсамдангийн удирдлагад оролцсон 10 тамирчин зургаан төрөлд өрсөлдөв. Тэд боломжит 36 медалиас 19-ийг нь хүртсэн төдийгүй гурван алтан цомын хоёрыг нь өргөн, багийн дүнгээр тэргүүллээ.

Манай тамирчдаас өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилт эзэмшигч Н.Мөнхшүр нар түрүүлжээ. Түүгээр ч үл барам “хурдны хөзөр” төрөлд оюунаа сорьсон оюуны олимпын аварга, Америкийн аварга Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. Тэрбээр нэг багц буюу 52 хөзрийг 14 секундэд тогтоон, алдалгүй санаснаар дээрх амжилтын эзэн болсон юм. Ингэснээр 2008 оноос гадаадын дэвжээнд өрсөлдөж буй Монголын тамирчид 49 дэх тэмцээндээ оролцон, 789 дэх медалиа хүртлээ.

Сонирхуулахад, Оросын “Россия-1” телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт зочноор уригдсан ихэр эгч, дүүс болох Гиннесийн дээд амжилт эзэмшигч, дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатарын хамт өчигдөр хойд хөршийг зорив.

Эх сурвалж: http://unuudur.mn/article/107668