Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ойн хүрээнд нийгэмд чиглэсэн бүтээлч ажлын хүрээнд AR технологитой дижитал 4D “Kids science” цуврал номын эхний дугаар болох “Амьтан судлал” ном Эх үрсийн баярын өмнөхөн худалдаанд гарлаа.
Боловсролын инновацийг дэмжиж, сургуулийн өмнөх, сургуулийн бага, дунд насныханд зориулсан шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой уг номыг “Аргун” үндэсний контент үйлдвэрлэгч гарааны компанийн авьяаслаг залуус зохион бүтээжээ.
Дурын ухаалаг утсан дээрээ “4D Амьтад” аппликэйшнийг татан ухаалаг төхөөрөмжийн камерыг номон дээрх амьтад руу чиглүүлэхэд тухайн амьтан амилж гурван хэмжээст дүрслэлээр дэргэд нь байгаа мэт харуулахаас гадна тэдний амьдрах орчин, үр төл, хоол тэжээл онцлог шинжийн талаар сонирхолтой мэдлэг мэдээллийг олгож хүүхэд багачууд та бүхнийг хийсвэр болон бодит орон зайн гайхамшигт ертөнцөөр аялуулна. Энэхүү номыг ашигласнаар хүүхэд багачууд шинжлэх ухаанд дур сонирхолтой болох ирээдүйн төлөвшилд нь хувь нэмэр оруулах зорилготой аж.
Номын нээлтэд БСШУСЯ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Хүүхдийн номын ордны захирал Д.Оюунбилэг, Хүүхдийн номын зохиолч О.Сундуй, БСШУСЯ-ны ШУТБГ-ын дарга, доктор Д.Одгэрэл, ШУТСангийн захирал доктор Д.Энхжаргал, Start-Up “Аргун” ХХК-ийн захирал Н.Бямбагэрэл, ХБК-ийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл оролцсон юм.
Шинжлэх ухаан технологийн сангийн захирал доктор Д.Энхжаргал хэлэхдээ “Амьтан судлал” мэдээллийн технологид суурилсан дижитал 4D “Kids science” цуврал номыг гаргаж эхэлж байна. Хүн бол байгалийн амьтан. Байгаль дэлхийтэйгээ танилцаж, танин мэдэж байдаг.
Бид эхний дугаар болгож 2-12 насны хүүхдэд зориулж анхны мэдээллийн технологийн дэвшил шингэсэн номыг гаргалаа. Дараагийн дугаар бол монгол зан үйл монгол ахуй, монгол хэлний чиглэлээр 4D ном хийхэд бэлэн болоод байна. Энэ номын гол зорилго нь хүүхдүүдийг багаас нь шинжлэх ухаанд бэлтгэх, шинжлэх ухаан дур сонирхолтой болгох шинжлэх ухааныг танин мэдэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой” гэлээ.
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/2
Япон хэл дээр ЭНД дарж уншина уу.