2018 оны 5-р сарын 10-ны өдөр (Пүрэв гараг) Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Хамтран зохицуулах хороо (ХЗХ) -ны нэгдүгээр хурал амжилттай болж өндөрлөв. Хуралд монгол талыг төлөөлж БСШУСЯ, Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газар, Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Гарди, Сангийн яам, Хөгжлийн санхүүжилтийн газар, Зээл тусламжийн бодлогын хэлтсийн дарга Э.Болор, ХХААХҮЯ, ЖДҮ, хоршооны судалгаа, бүртгэл, сургалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж, Япон талаас Япон Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөх Хаяаши Шиничиро ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, ЖАЙКА-гийн Техникийн хамтын ажиллагааны төслийн ахлах зөвлөх Оокава Наото, ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны төслийн мэргэжилтэн Накамура Коо ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны төслийн зохицуулагч Такигүчи Рёо, ажиглагчаар Япон Сангийн зохицуулагч Фүжино Норико, Япон Сангийн Япон хэлний сургалт хариуцсан мэргэжилтэн Сайто Сатоко, Монгол-Японы төвийн Бизнесийн сургалт хариуцсан ахлагч Накажима Шюү нар болон Монгол дахь ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд, төвийн бусад ажилтнууд оролцов. Хурлыг нээж Япон улсын ЭСЯ-ны элчин зөвлөх Хаяаши Шиничиро, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар мэндчилгээ дэвшүүллээ. ХЗХ-ны энэ удаагийн хурлаар тус төвийн 2017 оны үйл ажиллагааны тайлан, 2018 оны төсвийн төлөвлөгөөний тодотголын талаар Ц.Даваадорж захирал танилцуулж, хэлэлцүүлсэн. 2018 оны дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тайланг зөвлөх Оокава Наото, Бизнесийн хамтын ажиллагааг дэмжих ажлын танилцуулгыг ЖАЙКА-гийн мэргэжилтэн Накамура Коо хийв. Хорооны гишүүд хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор асуулт хариулт болон нэмэлт тайлбар, санал зөвөлгөө солилцлоо. Хурлаар Монгол-Японы төвийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний өөрчлөлт, төсвийн төлөвлөгөөний тодотголыг санал нэгтэйгээр баталлаа. МУИС-ын захирал Я.Төмөрбаатар хурлыг хааж хэлсэн үгэндээ тус төвийн үйл ажиллагаа нь жигдэрч, олонд танигдсан ба цаашид ч төвийнхөө үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдлыг улам бүр өсгөхийн төлөө ХЗХ-ны гишүүд бүхий л талаар хичээж ажиллахыг цохон тэмдэглэсэн. Монгол-Япон төвийн үйл ажиллагааг гишүүд нийтээрээ хангалттай хэмээн дүгнэсэн юм. 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний өөрчлөлт, төсвийн тодотоголын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадоржид үүрэг болгосноор хурал өндөрлөв.