НОМЫН САН
ДАРХАН ХОТЫН “ОЮУНЫ ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ”-Д ЯПОН ХЭЛНИЙ СУРГАЛТ ЯВУУЛЖ ИРСНИЙ 20 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “ЯПОН СОЁЛЫН ТАНИЛЦУУЛГА СУРГАЛТ”-ЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.
2018-04-25

    Улаанбаатар хотоос 230 км-ийн алсад орших Дархан хот. Тус хотын Оюуны ирээдүй цогцолбор сургуульд япон хэлний сургалт явуулж эхэлснээс хойш 20 жил болж байгаатай холбогдуулан энэ сарын 20-ны өдөр “Япон соёлын танилцуулга сургалт” хийгээд ирлээ.

  Эхлээд 6-р ангийн сурагчдад Японы хүүхдүүдийн тоглоом наадгайн талаар танилцуулж, эрчигнүүр, дарүма отоши, кэндама зэрэг тоглоомоор тоглуулж, мөн 7,8,9-р ангийн хүүхдүүдэд цаасан нугалбар буюу оригамигийн хичээл орлоо. Эхний удаа шууд тоглож чадахгүй байсан ч заалгуулаад улам сайжирч тоглож чадаж байв. Маш сонирхолтой байсан учраас тогтсон цагаа жаахан хэтрүүлэн тоглож хөгжилдлөө.

    Үргэлжлүүлээд 16, 17 настай ахлах ангийн сурагчид юката өмсөж сурцгаалаа. Бүгд л анх удаагаа өмсөцгөөж байна гэцгээв. Бүсээ бүслэх үед жаахан хэцүү байсан ч, өмсөж дуусаад бүгд баяр хөөртэйгөөр зургаа татууллаа.

    Японы үндэсний хувцас болох кимоно, зуны хувцас юката, япон даяар тэмдэглэдэг обон баярын талаар тайлбарлан танилцуулсны дараагаар бүгд хамтдаа Токио ондо гэх бүжгийг хийж үзэцгээлээ.

    Түүний дараагаар “Япон орныг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын АХА тэмцээнийг зохион явуулж, үргэлжлүүлээд Япон улсад суралцах талаар тэр дундаа засгийн газрын тэтгэлэгт шалгалтын талаар яриа хийлээ. Асуулт, хариултын тэмцээний үеэр японы түүх, улс төр, соёл, спорт, амьдралын талаар зэрэг олон төрөл зүйлийн асуулт бэлдсэн юм. Сурагчид Япон орны талаар мэдлэг мэдээлэл сайтай байдаг нь харагдаж, бүр гайхашруулж байлаа. Японд суралцах талаарх тайлбар яриа дууссаны дараа ч сурагчид төвийн ажилтнаас үргэлжлүүлэн асуулт асуусаар байсан нь тэдний Япон явж суралцах хүсэл тун их байгааг харуулж байв.

    Хамгийн сүүлийн арга хэмжээ “Цаасан тогоруу” хэмээх японы хүүхэлдэйн кино үзүүлснээр японы соёлын танилцуулга үйл ажиллагаа маань амжилттай өндөрлөлөө. Тус сургуулийн япон хэлний багш нар Р.Ариунзаяа, Т.Басанжав нар бэлтгэл ажлаас эхлүүлээд бүх ажилд хамтран ажиллаж үнэхээр их тусалсан билээ. Бид нар ч сурагчидтай бүтэн өдрийн турш цагийг хөгжилтэй, завгүй үдэж өнгөрүүллээ.

     Ингээд “Оюуны ирээдүй цогцолбор сургууль”-д япон хэлний сургалт явуулж эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн ялдамд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж, сурагчдаа япон хэл, соёлд сонирхолтой, дуртай болгох ажил үйлсэд нь амжилт хүсэн ерөөе !