Сар бүрийн мэдээлэл
2011 оны 11-р сарын мэдээлэл
2012-01-23
“Японд суралцах мэдээллийн яармаг -2011”
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв нь 11-р сарын 5-ны бямба гарагт 2 дахь удаагийн “Японд суралцах мэдээллийн яармаг”-ийг зохион байгууллаа. Энэ өдөр Монголын Хүүхдийн Ордонд Японы Элчин Сайдын Яам, Японы Оюутныг Дэмжих Байгууллагын хамтарсан “Японд суралцах семинар”-ыг зэрэг зохион байгуулсан юм.
Энэ удаагийн мэдээллийн яармагт Японы Ёкохама Улсын Их Сургууль, Мэйжи Их Сургууль, Окаяма Их Сургууль, Олон Улсын Их Сургууль, Олон Улсын Христийн Шашны Их Сургууль, Хоккайдо Их Сургууль, Рицүмэйкан Их Сургууль,Тоокай Их Сургууль, Ямагүчи Их Сургууль гэсэн 9 сургууль оролцлоо. Өнгөрсөн жилтэй адил мэдээллийн яармаг нь тус тусын сургуулийн танилцуулга, ганцаарчилсан зөвлөгөө өгөх хэлбэрээр явагдаж нийт 512 хүн оролцсон нь өнгөрсөн жилийн оролцогчдоос илүү байсан юм. Үүнээс 405 хүн санал асуулганд оролцлоо. Ийнхүү оюутан, сурагч олноор оролцсон нь тэдэнд Японд суралцах хүсэл эрмэлзэл их байгаагийн илрэл болов уу гэж бодож байна. Түүнчлэн энэ удаагийн яармагт Японоос оролцогч сургуулиудын тоо нэмэгдэж, цар хүрээгээ тэлснээр олон хүнийг хамруулж чадлаа. Мөн Хүүхдийн Ордонд зохиогдсон семинарт 180 хүн оролцсон юм. Ийнхүү тухайн өдрийн үйл ажиллагаануудад нийтдээ 700 орчим хүн оролцжээ.
Японд суралцахыг хүсэгчдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд цаашдаа ч Монгол-Японы Төвийн хамт олон бүх чадлаараа хичээнгүйлэн ажиллах болно. Үүний нэг илрэл нь Японд суралцахыг дэмжих үйлчилгээг явуулж байгаа билээ. Японд суралцах бүртгэл болон шалгалтыг зохион байгуулах зэрэгт төвийн зүгээс анги, танхимаа түрээслэж байгаа нь Японы сургуулиудын үйл ажиллагааг дэмжсэн үйлчилгээ юм.
Алс холоос хүрэлцэн ирж, Монголын ирээдүй болсон оюутан залууст маань өөрсдийн сургуулиа танилцуулан, басхүү ганцаарчилсан зөвлөгөө өгсөн нийт сургуулийн төлөөлөгч багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Мөн Монголын боловсролын байгууллагын хамтран ажилласан хүмүүстээ баярласан талархснаа илэрхийлж байна.
(Ерөнхий ахлах ажилтан Х. Гармаабазар)
-Эрдэнэт хот дахь томилолт-
Монгол-Японы Төв нь 11-р сарын 18, 19 өдрүүдэд япон хэл суралцагч болон Орхон аймгийн иргэдэд зориулсан “Япон хэл-Япон соёлыг танилцуулах долоо хоног” үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг хөдөө орон нутгийн япон хэл суралцагчдын идэвх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их сургуулийн Орхон их сургуультай хамтран явуулсан юм.
Эхний өдөр япон хэлний ангийн 2, 4-р ангийн 20 оюутанд зориулсан “Бийрэн бичлэгийн танилцуулах хичээл”, “Ханзны тэмцээн”, “Япон дууны танилцуулах хичээл” зэргийг зохион байгуулсан. “Бийрэн бичлэгийн танилцуулах хичээл”-ийг ЖАЙКА-гийн залуу сайн дурын гишүүн Үно Ёоичи хариуцан явууллаа. Ханзны тэмцээнд япон хэлний ангийн оюутнууд 4-өөс 5 хүнтэй 4 багт хуваагдан, оролцсон уг тэмцээн нь хөгжилтэй бөгөөд ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн юм. Тэдгээр оюутнуудыг хараад, дөнгөж төгссөн надад оюутан үе маань санагдаж байлаа. Түүний дараа төвийн япон хэлний тасгийн ажилтан Э.Эрдэнэцэцэг “Юзү” хамтлагийн “Дахин уулзах өдөр хүртлээ” хэмээх дууг заан, Үно Ёоичи гитар тоглон хамтдаа дуулсан нь улам сонирхолтой болгосон юм. Хамгийн сүүлд Орхон их сургуулийн гадаад хэлний ангийн оюутнуудад зориулан төвийн ажилтан Ж.Оюунчимэг “Цаасан нугалбарын танилцуулга хичээл”-ийг заалаа. 80 гаруй оюутан оролцож, бүгдээрээ бяцхан хүүхэд мэт хөөр баяртайгаар хичээнгүйлэн цаасан нугалбар хийж байсан юм.
Хоёр дахь өдрөө Эрдэнэт хотын Хүүхдийн ордонд хотын оршин суугчид болон хүүхдүүдэд зориулан “Цаасан нугалбарын хичээл”, “Япон хүүхэлдэйн кино” гэсэн үйл ажиллагааг ажилтан Ж.Оюунчимэг хариуцан явууллаа. “Цаасан нугалбарын хичээл”-д 40 орчим хүүхэд оролцсон юм. Энэ хоёр өдрийн “Цаасан нугалбарын хичээл” Орхон их сургуулийн япон хэлний ангийн оюутнуудын туслалцаатайгаар амжилттай явагдсан. “Япон хэл-Япон соёлын танилцуулах долоо хоног”-ийн хамгийн сүүлийн үйл ажиллагаа нь “Япон хүүхэлдэйн кино” байсан бөгөөд “Гэрэлт цохын булш” хэмээх хүүхэлдэйн киног гаргасан юм. Дэлхийн 2-р дайны үед өнчирсөн ах дүү хоёрын хэцүү бэрх амьдралыг харуулсан энэхүү хүүхэлдэй киног үзэгчид нулимс унаган үзэж байсан. Ийнхүү энэ удаагийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөсөн юм.
Миний хувьд хамгийн анхны томилолт байсан болохоор ихийг сурч мэдсэн үр дүнтэй, сайхан дурсамж олонтой томилолт болсонд баяртай байна.
(Япон хэлний сургалтын тасгийн туслах ажилтан З.Цэмбэлдулам)