Сар бүрийн мэдээлэл
2011 оны 9-р сарын мэдээлэл
2012-01-23
-Монгол-Японы Төв “Оюутны тангарагийн баяр”-т оролцлоо-

    2011 оныг БСШУЯ-наас “Оюутны хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж, энэ жил анх удаа 9-р сарын 1-ний өдрийг “Оюутны тангарагийн баяр” болгон, БСШУЯ болон Монголын Оюутны Холбоо хамтран зохион байгууллаа.

    Тус өдөрлөгийг нээж, БСШУЯ-ны сайд Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс шинээр их дээд сургуульд элсэн орж буй оюутнууд болоод нийт оюутан залуустаа мэндчилгээ дэвшүүлэн үг хэлсэн билээ. Үүний дараа оюутан сурагчдын тангараг өргөх ёслол албан ёсоор эхэллээ.

    Сүхбаатарын талбайд бүтэн өдрийн турш үргэлжилсэн тус үйл ажиллагаанд Монгол-Японы Төв нь оролцсон ба төвийн танилцуулга буланд ирсэн нийт 2000 гаруй оюутан залууст үйл ажиллагаагаа танилцуулж, сурталчилж чадсан. Дашрамд дуулгахад, үйл ажиллагаа албан ёсоор эхлээгүй байхад, оюутан залуус төвийн буланд олноор ирснээс, үдээс хойш гэхэд тараах материал маань бүгд дууссан юм. Үүнээс харахад, Япон төв нь оюутан залууст хэдийнээ танигдах болсныг илтгэх мэт байна.

    Энэ удаагийн үйл ажиллагаанд залуус, өсвөр үеийг дэмжигч байгууллагууд болох Мобиком корпораци, Хас банк, “АДРА МОНГОЛ” Олон Улсын байгууллага, Хөдөлмөрийн бирж, Үндэсний Номын Сан, зарим их дээд сургуулиуд зэрэг нэр бүхий 30 гаруй аж ахуйн нэгж байгууллага идэвхитэй оролцсон.

    Анагаах ухааны их сургууль болон Цагдаагийн академийн оюутнууд дүрэмт хувцсаар жигдэрсэн байсан нь ихэд онцгой харагдаж байлаа. Монголын Оюутны Холбооноос авсан мэдээллээс үзэхэд, оройн үйл ажиллагаа зэрэгт нийт 20 мянга шахам оюутан оролцсон ажээ. Монголын ирээдүйг эдгээр залуус цогцлоон бүтээх болно.

    Дээрхи үйл ажиллагааг жил бүр тогтмол зохион байгуулахаар болж байгаа учраас жилээс жилд оролцогчдын тоо улам их болно гэдэгт итгэлтэй байна. Шинээр элсэн орж буй нийт оюутан залуустаа эрдмийн их үйлст нь амжилтыг хүсэн ерөөе.
   
(Ерөнхий ахлах ажилтан Х.Гармаабазар)

Ажлын байран дахь сургалт
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн ажлын байран дахь сургалт
   
    “Жүр-Үр” ХХК, “Говь” ХК-д хэрэгжиж эхлээд байна. Ажлын байран дахь сургалт нь ерөнхий мэдлэг олгох, багаараа хэлэлцэх, дасгал ажиллах хэлбэрээр хамтын ороцоотой хэрэгждэг практик сургалт юм. Сургалтыг Япон төвийн бизнес сургалт хариуцсан мэргэжилтэн Кавагүчи Шиничиро удирдан зохион байгуулж, Япон төвийн үндэсний сургагч Монгол багш нар зарим сэдвийг хамтран заана.

    “Жүр-Үр” ХХК-д 2011 оны 9-р сар 27-наас 11-р сарын 14 хүртэл байгууллагын үр дүнгийн удирдлага, стратегит хүний нөөцийн удирдлага, Япон маягийн менежмент ба менежментийн стратеги, 5S, сайжруулах үйл ажиллагаа, асуудал шийдвэрлэх болон шийдвэр гаргалт, манлайлал, багаар ажиллах, чанарын удирдлага, бизнес төлөвлөгөө гэсэн нийт 7 сэдвээр сургалт зохион байгуулж байна .

    “Говь” ХК-д 2011 оны 9-р сарын 13-наас 11-р сарын 15 хүртэл үйлдвэрлэлийн удирдлага, байгууллагын үр дүнгийн удирдлага, стратегит хүний нөөцийн удирдлага, манлайлал, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх болон шийдвэр гаргалт гэсэн нийт 4 сэдвээр зохион байгуулагдах юм.

    Эдгээр сургалтаар бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэн KPI болон төсвийн удирдлагыг үр дүнтэй хэрэгжүүлэх PDCA цикл, байгууллагын үр дүнгийн удирдлага, компаний зорилготой уялдан үйлдвэрийн бүтээмж болон ёс зүйг дээшлүүлэхэд чиглэсэн стратегит хүний нөөцийн удирдлагын системийг боловсруулах аргачлал, ажиллагсадын өсөлт хөгжилд нийцүүлсэн манлайлал болон багаар ажиллах чадварыг хэрхэн хөгжүүлэх, зах зээлийн эдийн засгийн нөхцөл дэх Япон маягийн менежмент ба менежментийн стратеги, түүчлэн үйл ажиллагаа сайжруулах 5S-ийн зарчим, чанарын удирдлагын талаар суралцах юм.



(Бизнес сургалтын тасгийн ахлах ажилтан Б.Оюунцэцэг)

“Японы бийрэн бичлэгийн танилцуулах хичээл”

    Тус төв дээр 9-р сарын 9-ний өдрийн баасан гарагт “Японы бийрэн бичлэгийн танилцуулах хичээл” болж өндөрлөлөө. Уг үйл ажиллагааг зохион байгуулагчааар Японы Азийн их сургуулийн 1 багшийн хамт 15 оюутан хүрэлцэн ирсэн юм. Уг үйл ажиллагаанд Монголын талаас нийт 26 хүн оролцсон ба оролцогчдын дунд 6 настай балчираас эхлээд их дээд сургуулийн оюутан, албан хаагч хүртэл байлаа.
Танилцуулах хичээл 15 цагаас эхэлж, 5 багт хуваагдан, Япон оюутнууд маань хэрхэн бийрээ зөв барин, цаасан дээрээ бичих зэргийг оролцогчдод зааж өгсөн. Ийнхүү оролцогчид өөр өөрсдийн дуртай ханз үсэг болон үгийг бичицгээлээ. Мөн Япон оюутнууд цаасан шувуу Кэндама тоглоом зэргийг зааж өгч байсан юм.
Би оюутан байхдаа нэг удаа өөрийн нэрээ бийрээр бичиж үзсэн. Харин энэ удаа хэд хэдэн ханзыг бичихэд, үнэхээр сонирхолтой байсан шүү. Японы бийрэн бичлэг нь бичигдсэн хэлбэрээрээ Монгол бичигтэй нилээд төстэй мэт санагдаж байсан юм.
    Энэ удаагийн хичээл нь япон хэл суралцаж байгаа оюутан залуусын хувьд Японы соёлын нэгээхэн хэсгээс танилцаж, өөрсдөө биечлэн бичиж үзэх боломжийг олгосноороо ихээхэн давуу талтай болсон гэж бодож байна. Цаашид япон хэл сонирхогч та бүхнийг төвөөс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.

   

(Мэдээлэл-Хамтын Ажиллагааны тасгийн туслах ажилтан М.Батнасан)