Сар бүрийн мэдээлэл
2011 оны 4-р сарын мэдээлэл
2012-01-23
   “Япон дахь мэдээллийн технологи, программ хангамжийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, ERP, хүний нөөцийн удирдлагын программыг нэвтрүүлж буй байдал” семинарын тухай

Сүүлийн үед Монголд байгууллагын цар хүрээ тэлж, удирдлагын төвшин дээшлэхийн хэрээр байгууллагын үр дүн, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудал чухлаар тавигдах боллоо. Үүнтэй уялдаад стратегит хүний нөөцийн удирдлага, хөгжлийн тогтолцоог боловсруулах, түүний үндэс болсон байгууллага, хүний нөөцийн салбарыг мэдээлэлжүүлэх, програмчлах шаардлага гарсаар байна. Иймд хүний нөөцийн удирдлагыг мэдээллийн технологиор програмчлах сүүлийн үеийн чиг хандлагыг танилцуулах зорилгоор 2011 оны 4-р сарын 16-нд Японы MSC International ХХК, МУИС-ийн Эдийн Засгийн Сургуультай хамтран үнэ төлбөргүй семинар зохион байгууллаа. Тус семинарт 70 гаруй хүн оролцож, MSC International ХХК-ийн захирал Кавагүчи Шиничиро болон Нүмакүра Масаки, Кавагүчи Акиёши багш Японы компаниуд дахь хүний нөөцийн мэдээллийн системийн талаар илтгэл тавьж, асуулт хариул таар дүүрэн семинар болж өндөрлөлөө
 (Бизнесийн сургалтын тасгийн ахлах ажилтан Б. Оюунцэцэг)

Номын сангийн дүр төрх шинэчлэгдлээ.

Монгол-Японы Төвийн номын сан 3-р сарын 23-наас 4-р сарын 11-ний хооронд дотоод засварын ажлыг хийлээ. Бид үйлчлүүлэгчиддээ зориулж, тав тухтай орчинг бүрдүүлэхийг байнга зорилгоо болгон ажилладаг билээ. Энэ удаа номын сангийн шал, номын тавиур, видео хэсэг, хүлээн авах хэсгийг бүрэн шинэчиллээ. Мөн интернэтийн хэсэг болон уншлагын танхимын сандлыг шинэчилсэн юм. Номын сан илүү өнгөлөг, гэгээлэг, цэлгэр саруул болсон байна хэмээн үйлчлүүлэгчид бидэнд баяртайгаар хэлж байлаа.
2011 оны 4-р сараас шинэчлэгдсэн зарим үйлчилгээнээс дурдвал:

    Видео хэсэгт хамгийн сүүлийн үеийн шинэ технологи LCD дэлгэцээр кино үзэх боломжтой болсон.

    Интернэтийн хэсэгт чихэвч ашиглах боломжтой.

    Карт нээдэг цагийн хуваарийг 11:00-16:00 цаг болгон сунгалаа.

    Одоогийн байдлаар 10 ангилалын номноос мөн сар бүрийн Япон сэтгүүлээс              төлбөртэйгээр гэрээр авах боломжтой.

    Боловсрол сувгаар цацагдсан Япон хэлний нийт 40 цуврал хичээлийг номын сангийн видео хэсэгт үзэх боломжтой.

Энэ дашрамд номын сангийн засварын ажлыг дэмжин тусалсан удирдлагууд болоод бүхий л нөөц боломжоороо ажилласан төвийн Аж Ахуйн Тасгийн нийт хамт олондоо баярласан талархсанаа илэрхийлье. Та бүхэн номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ саналын хайрцагт чөлөөтэй хийж болохоос гадна таны саналын хариуг сар бүрийн эцсээр эмхэтгэн, төвийн хүлээн авах танхимд гарган танилцуулдаг. Тав тухтай орчинд, цаг заваа үр бүтээлтэй өнгөрөөх боломжийг танд олгож байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
(Мэдээлэл Хамтын Ажиллагааны Тасгийн ажилтан Ц. Үүрийнтуяа)

2010-2011 оны “Япон хэлний мэргэжил багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт”-ыг төгсөгчийн дуу хоолой

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би “Аюүми” япон хэлний сургуулийн япон хэлний багш Б.Болорсүх байна. Юуны өмнө энэхүү “Япон хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт”-нд суралцсандаа маш их баяртай байна. Өнгөрсөн 6 сарын хугацаанд их зүйлийг сурч мэдсэн гэдгийг баяртайгаар хэлмээр байна. Би япон хэлний багш болсон хэдий ч, сайн багш болсон гэж хэлэх итгэлгүй байсан. Энэ сургалтаар дамжуулан япон хэлний анхан шатны сурагчдад дадлага хичээлийг заангаа, хичээлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал болон сурагч төвтэй харилцааг гол болгосон заах аргын үндсэн мэдлэгийг эзэмшиж, мэргэжлийн япон хэлний багш болоход нэг алхам ойртсон хэмээн бодож байна. Хичээлийг удирдан зохион байгуулсан Монгол-Японы Төвийн Фүжишима Юкиё багш болон Э.Эрдэнэцэцэг багш нартаа, мөн 6 сарын хугацаанд хамт суралцсан нэг ангийн багш нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Олон зүйлд тусалж, дэмжиж байсанд баярлалаа. Цаашид ч гэсэн сайн багш болохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно. Та бүхэнд баярлалаа.

     
(“Аюүми” япон хэлний сургуулийн япон хэлний багш Б.Болорсүх)