ХАМТЫН АЖИЛЛАГАА
Японы кимоно хуримын өмсгөлийг тольдохуй
2012-01-14
   Монгол-Японы төвөөр үйлчлүүлэгчдийн тоо нэг саяд хүрснийг тохиолдуулан, 9-р сарын 12-ны бямба гарагт “Японы Кимоно: Хуримын өмсгөлийг тольдохуй” хэмээх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг 150 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд Японоос Ямано урсгалын өмсгөлийн кимоно өмсгөх арга зүйн багш Фүжишима Кэйко, Такэхара Наоко, Ишии Юмиэ нар уригдан ирж оролцлоо. Тус үйл ажиллагаанд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кидокоро Такүо болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын дарга Ишида Юкио нар уригдан оролцож, өөрсдийн мэндчилгээг дэвшүүлсэн юм.

    Үйл ажиллагааг ерөнхийд нь 4 хэсэгт хувааж танилцуулсан бөгөөд 1-р хэсэгт японы үндэсний хувцас болох кимоногийн талаарх танилцуулга, 2-р хэсэгт хуримын ёслолын талаарх тайлбар танилцуулга, 3-р хэсэгт ганцаараа хэрхэн кимоно өмсөх талаарх үзүүлбэр, 4-р хэсэгт кимоногийн бүсийг хэдэн янзаар хэрхэн бүсэлдэг талаарх үзүүлбэрүүд тус тус багтсан билээ. Төгсгөлд нь үзэгчдийн сонирхсон асуултанд хариулж, мөн кимоно өмссөн загвар үзүүлэгчдийн сэтгэгдлийг сонссон юм. Кимоно үзүүлбэр дээрх тайлбаруудыг доор сийрүүллээ.

 
Японы үндэсний хувцас болох кимоногийн талаарх товч танилцуулга:
    Кимоно нь ерөнхийдөө хэлбэр болон өмсгөлийн хувьд монгол үндэсний дээлтэй төстэй боловч ханцуйн хувьд арай өөр, мөн бүсний хувьд онцлогтой. Өнөөгийн Японд өдөр тутамдаа кимоно өмсдөг хүн бараг байхгүй болсон бөгөөд уламжлалт баяр ёслолын үеэр кимоно өмсдөг. Япон хүн хамгийн эхлээд “Омияамайри” буюу сүмд мөргөл үйлдэхдээ кимоно өмсдөг.

    “Омияамайри” гэдэг нь хүүхэд төрснөөс хойш сар орчмын дараа сүмд очиж мөргөл үйлдэх ёсыг хэлж байгаа юм. Хүүхэд эрүүл төрсөнд талархаж, мөн цаашдаа ч эсэн мэнд өсөж торнихийг хүсэж мөргөл үйлддэг. Мөн гэр бүлийн зураг авахуулах явдал ч байдаг. Түүний дараа, “Шичигосан” хэмээх ёслол болдог. “Шичигосан” ёслол нь хүүхдийн хүйсээс шалтгаалж, насны хувьд өөр өөр байна. Эрэгтэй хүүхэд 5 настайдаа, эмэгтэй хүүхэд 3 болон 7 настайдаа 2 удаа энэхүү ёслолыг тэмдэглэдэг. Энэ үеэр хүүхдээ эрүүл өсөж торниж байгаад талархан, мөн цаашдынх нь аз жаргалыг хүсэж сүмд очиж мөргөл үйлддэг. Эрэгтэй хүүхэд энэ үеэс эхлэн “Хакама” хэмээх өмсгөлийг өмсөж насанд хүрсэн хүнтэй адил кимоно өмсөж эхэлдэг.

    Эмэгтэй хүүхдийн хувьд “13 насны мөргөл” хэмээх ёслолоор 13 нас хүрч байж, насанд хүрсэн хүнтэй адилхан кимоно өмсдөг ёс байдаг боловч одоо энэхүү “13 насны мөргөл” гэдгийг хийдэг хүн их ховор болжээ. Японд 20 нас хүрэхээр насанд хүрсэний баяр хийдэг. Насанд хүрсэн баяраа тэмдэглэж орон нутаг бүрт томоохон баяр ёслол болдог. Энэхүү баярт оролцож байгаа ихэнх охид кимоно өмсөж ирдэг болохоор ёслолын танхим маш гоёмсог харагддаг.

    Охид “Фүрисодэ” хэмээх урт ханцуйтай кимоно өмсдөг. Энэхүү урт ханцуйтай кимоног зөвхөн гэрлээгүй эмэгтэйчүүд л өмсөх бөгөөд эмэгтэй хүний залуу насыг илтгэсэн байдаг онцлогтой. Энэ баярт эрэгтэйчүүд ихэвчлэн костюм пиджак өмсөх боловч сүүлийн үед кимоно өмсөх хандлага ихсэж, хакама өмсөж оролцох хүмүүс нэмэгдэх болсон байна. Мөн, их сургуулийн төгсөлтийн баяраар кимоно өмсдөг. Эмэгтэй оюутнууд кимоногоос гадна, хакама өмсөх нь ихсэж байгаа аж. Энэ нь дээр үед Японд эмэгтэй оюутнууд хичээлдээ явахдаа хакама өмсөж явдаг байснаас улбаатай бололтой.
Хуримын ёслолын талаарх тайлбар танилцуулга:
    Япон хүн хуримын ёслолын үеэр хамгийн ганган хээнцэр кимоно өмсдөг.
Эрэгтэйн хуримын өмсгөл болох хар өнгөтэй кимоног “Күромонпүкү” гэдэг бөгөөд Японы сүмо бөхийн Ёкозүнагийн ёслолын үед өмсдөг кимонотой адилхан байдаг. Энэ бол Японы хамгийн дээд зэрэглэлийн ёслолын хувцас юм.

    Эмэгтэйн хуримын өмсгөл болох кимоног “Широмүкү” гэж нэрлэдэг. “Широмүкү” кимоно нь угтаа самүрайн гэрт бэр болон очиж байгаа бүсгүйн хувцас байжээ. Дээр үеэс, японд цагаан өнгө бол нарны туяаны өнгө, ариун дээд өнгө хэмээгдэж ирсэн тул, 1200-аад жилийн өмнөөс дан цагаан өнгө шинэ бэрийн хуримын хувцасны өнгө болжээ. Хуримын үед бэр “Ватабооши” хэмээх өмсгөлийг толгойдоо өмсөх ба энэ өмсгөл нь эмэгтэйн толгой огт харагдахгүй байхаар хийгдсэн байдаг. “Ватабооши” нь 1500 оноос хойш самүрайн гэр бүлийн эмэгтэйчүүд гадагш гарахдаа, богино ханцуйтай, богино хормойтой “Косодэ” хэмээх кимоногоор толгойгоо халхалж өмсдөг байсан “Казүки” гэдэг толгойн өмсгөлөөс үүдэлтэй ажээ.

    1600 оноос хойш, тэр нь өөрчлөгдөж, хөвөн даавуугаар хийгдсэн “Ватабооши”-ийг залуу эмэгтэйчүүдэд өмсгөдөг болсон.
Анхандаа, гадагш гарахад тоос шороо болон хүйтнээс хамгаалах зориулалтаар ашиглагдаж байсан. “Ватабооши”-ийг хуримын даашинзтай адил хуримын ёслол дуусах хүртэл бэр нөхрөөсөө өөр хүнд царайгаа харуулахгүй гэдэг үзлийн улмаас хуримын кимонод оруулах болсон гэдэг. Энэхүү ёслолын үйл ажиллагааны дараа, хуримын хүлээн авалт найр болдог. Энэ үеэр эмэгтэй нь кимоногоо сольж, үчикакэ буюу хурц тод өнгийн хээтэй кимоно өмсөнө. Ерөнхийдөө, ёслолын үйл ажиллагаанд цагаан өнгийн, найр цэнгээний үед хурц тод өнгийн хээтэй кимоно өмсдөг. Бэрийн үсний засалтыг “Бүнкинтакашимада” гэж хэлдэг ба 70 жилийн өмнөх үе хүртэл өөрсдөө үсээ засдаг байсан. “Бүнкинтакашимада”-д хэрэглэх толгойн гоёл нь ихэвчлэн самтайгаа нийлээд нийт 6 ширхэг нь 1 багц болдог. “Широмүкү” кимоно өмсөхдөө дээд зэргийн толгойн гоёл болох сувдан хатгуурыг үсэндээ зүүдэг байна.

    Японд хуримын үеэр кимоно өмсөхөөс өөр бусад үед бараг өмсдөггүй.
Хуриманд уригдаж очихдоо кимоно өмсөж очих хүн ч байдаг.
Урт ханцуйтай “Фүрисодэ” кимоног зөвхөн гэрлээгүй хүмүүс өмсөх ба гэрлэсэн эмэгтэй богино ханцуйтай кимоно өмсдөг. Эрэгтэй хүн хуриманд костюм пиджак өмсөж очих ба кимоно өмсөж очих хүн бараг байдаггүй аж.

 
Ганцаараа хэрхэн кимоно өмсөх талаарх үзүүлбэр:
Японы кимоног өөрөө ганцаараа ч өмсөх боломжтой бөгөөд өмсөхөд нилээд олон зүйлүүд хэрэглэгддэг. Кимоно өмсөх үед өмсөх гутал нь бас тусдаа өөр байх ба “Зоори” өмсөнө. “Зоори” гэдэг нь хөлийн эрхий ба долоовор хурууны дунд уяа бүхий углааш маягтай гутал байдаг учраас оймс нь ч үүнтэйгээ адил эрхий ба долоовор хурууны хооронд өмсөхөд зориулагдаж хийгдсэн байх ба оймсыг нь “Таби” гэж нэрлэдэг.
Кимоногийн бүсийг хэдэн янзаар хэрхэн бүсэлдэг талаарх үзүүлбэр:
    Японы кимоно нь монгол үндэсний дээлийг бодвол бүсийг нь бүслэхэд их хэцүү боловч, нэг урт бүсийг олон янзаар бүслэх боломжтой юм. Эрэгтэй хүний бүс эмэгтэй хүний бүсийг бодвол нарийнхан байдаг байна.
Бүс нь “Мару-оби”, “Фүкүро-оби”, “Нагоя-оби” гэх мэт хэд хэдэн төрөл байдаг.
Энэ удаагийн үйл ажиллагаанд манай төвийн ажилтнууд болон цагийн багш нар оролцлоо. Бэрийн хуримын кимоног ажилтан Саранзаяа, хүргэний хуримын кимоног ажилтан Ган-Эрдэнэ, Фүрисодэ кимоног ажилтан Мөнгөнсолонго, энгийн үед өмсдөг кимоног ажилтан Сайнхүү нар өмсөж сонирхууллаа. Хөтлөгчөөр багш Цүкикава, Ёшиикэ,орчуулагчаар ажилтан Мөнхбаясгалан нар ажиллалаа.
Энэ удаагийн үйл ажиллагаа маань кимоно өмсгөгч багш нар, загвар үзүүлэгчид, хөтлөгч, нийт оролцогчдын хамтын хүч хөдөлмөр, хүчин чармайлтаар амжилттай явагдаж өндөрлөснийг тэмдэглэн хэлье.

    Ингээд оролцогчид маань өөрсдийн сонирхсон асуултаа асууж, мөн загвар үзүүлэгч нартай хамт зургаа авахуулах зэргээр цагийг хөгжилтэй өнгөрүүлж чадсан байхаа гэж бодож байна. Иймэрхүү үзүүлбэр тоглолт Японд ч гэсэн тэр болгон болоод байдаггүй аж. Ийнхүү Монголчууд бидний хувьд Японы хуримын кимоног ойроос харах завшаан тохиолоо. Цаашид манай 2 орны соёлын харилцаа өргөжин тэлж, Монгол, Япон хоёр орны ард түмний харилцан ойлголцол улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.
(Цагийн ажилтан Ц.Мөнхбаясгалан)