ХАМТЫН АЖИЛЛАГАА
Хитачи бүсийн аж үйлдвэрийн дэмжлэгийн төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
14 цаг 36 мин

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв (MOJC) нь 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Япон улсын Ибараки мужийн Хитачи бүсийн аж үйлдвэрийн дэмжлэгийн төв болон хамтран ажиллагч компаниудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр Монгол-Японы төвийн үйл ажиллагаа, бизнесийн сургалт болон бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулж, Монгол Улсын өнөөгийн бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын боломж, хүний нөөцийн нөхцөл байдал зэрэг сэдвээр санал солилцов.

Хитачи бүсийн аж үйлдвэрийн дэмжлэгийн төвөөс жил бүр Монголын Коосэн сургуулиудын оюутан залууст зориулан инженерчлэл, үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлийн сургалт зохион байгуулж, улмаар Япон улсад үйлдвэрлэлийн дадлага хийх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг билээ.

Энэхүү хөтөлбөр нь Монголын залуу инженерүүдэд Японы үйлдвэрлэлийн орчин, технологитой танилцах, олон улсын туршлага хуримтлуулах үнэ цэнтэй боломж олгодог төдийгүй Монгол, Японы үйлдвэрлэл, хүний нөөцийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.