Үйл явдал
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өчигдөр 11 цаг 04 мин

Монгол-Японы төвийн бизнесийн сургалтыг суурь мэдлэгийн болон ахисан түвшний гэсэн хэлбэрээр менежментийн төрөл бүрийн сэдвээр зохион байгуулдаг билээ. Энэ удаа “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдвээр ээлжит сургалтаа явууллаа. Тус сургалтыг үйлдвэрлэлийн болон бүтээмжийн чиглэлээр мэргэшсэн багш Н.Батчулуун удирдан явуулсан ба өөрийн ажлын туршлага мэдлэгээ хуваалцахаас гадна үйлдвэрлэлийг үр бүтээмжтэй, зөв менежмент хийхэд хэрхэн анхаарч ажиллах талаар суралцагчидтайгаа санал бодлоо хуваалцлаа.


Тус сургалтад төрөл бүрийн салбарт ажиллаж буй төлөөллүүд хамрагдаж, ажлаа илүү хялбар бөгөөд үр бүтээмжтэй хийж, хэрэглэгчдэдээ түргэн шуурхай чанартай бүтээгдэхүүн хүргэхийн тулд хичээн суралцлаа.

Сургалтаар Япон компаниудын хөгжлийн түүхээс эхлэн олон жилийн түүхтэй компаниуд хамгийн олон байдаг Япон менежментийн философийн талаар хуваалцахаас гадна үйлдвэрлэлийн дамжлага, бүтээмжийг сайжруулах арга хэрэгслүүд, Тоёота компанийн үйлдвэрлэлийн аргачлал, түүнээс улбаатай Кайзэн, PDCA, 5S зэрэг Япон менежментийн аргачлалуудыг суралцагчидтайгаа хуваалцлаа.


Хичээлийн агуулгын нэгээхэн хэсгээс хуваалцахад, АЖЛЫН СТАНДАРТ болон СТАНДАРТ АЖИЛ хэмээх нь өөр өөр ойлголт бөгөөд, ажлын стандарт гэдэг нь чанар, ХАБЭА, байгаль орчны стандарт зэрэг ойлголт бол стандарт ажил гэдэг нь тухайн компани дээр хийж буй ажлуудыг хэмжих үзүүлэлт буюу ямар ажлыг ямар хугацаанд хийх зэрэг хэмжигдэхүйц зүйл байдаг аж. Эдгээр ойлголтуудыг хольж солих нь их байдаг тул ялгаж салгах хэрэгтэй хэмээн сургалтын явцад яригдаж байлаа.
МЯТ-ийн бизнесийн суурь мэдлэгийн сургалт нь бизнес эрхлэгч, компанийн ажилтнуудад зориулан амралтын өдрөө ашиглан мэдлэгээ шинэчилж тэлэх зорилготойгоор зохион байгуулагддаг онцлогтой. Сургалтаар сурч мэдсэн зүйлээ бүгдийг нэг дор хэрэгжүүлэх нь хэцүү ч өөрийн байгууллагын онцлогт нийцсэн нэг арга хэрэгслийг ашиглаад ажлаа сайжруулаасай гэж бид хүсэж байна.