Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсан цагаас хойш тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн Бизнесийн үндсэн сургалтын 22 дахь сургалт 2023 оны 3 сараас 6 сар хүртэл хичээллэж амжилттай өндөрлөлөө.
Суралцагчид маань 3 сарын хугацаанд “Стратегийн менежмент”, “Маркетинг”, “Хүний нөөцийн удирдлага”, “Санхүүгийн удирдлага” гэсэн үндсэн 4 сэдвээр (удирдлагийн анги нэмэлтээр “Япон маягийн менежмент”, “Конплаенс” нийт 6 сэдэв) япон, монгол мэргэжилтэн багш нарын туршлагаас суралцаж мэдлэгийн хүрээгээ тэлсэн үр дүнтэй сайхан сургалт боллоо.
МЯТ-ийн Бизнесийн үндсэн сургалт нь олон цагийн турш дан лекц сонсож суухаас илүү лекцээс сурсан агуулгаа бататгах төрөл бүрийн дасгал ажил хийх, багаар ажиллах, илтгэл тайлан тавих зэрэг онол болон практикийн аргыг хослуулан ордог нь сургалт дууссаны дараа ч ажлын байран дээрээ хэрэгжүүлэх боломжийг олгодог үр өгөөжтэй сургалт билээ. Түүнчлэн тус сургалтад хамрагдсанаар танилын хүрээгээ төрөл бүрийн чиглэлд тэлэх, хамтрагч шинэ түншүүдтэй болох, Монгол-Японы төвтэй цаашид тасралтгүй хамтран ажиллах зэрэг олон шинэ боломжуудыг нээж өгдөг юм.
Зураг 1. Монгол-Японы төвийн япон мэргэжилтэн багш Кавагүчи Шиничиро
Зураг 2. “Стратегийн менежмент” хичээлийн үеэр
Зураг 3. “Маркетинг” хичээлийн үеэр
Энэ удаагийн Бизнесийн үндсэн сургалтын 22 дахь төгсөлтийн арга хэмжээ 6 сарын 22-нд зохион байгуулагдсан бөгөөд Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж, ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрыг төлөөлж Накамүра Кэиго, МУИС-ийн Бизнес консалтинг төвийн захирал “Ө.Гэрэлт-Од”, “Монголын Каизэн Холбоо”-ны дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал, Монгол-Японы төвийн япон мэргэжилтэн багш Кавагүчи Шиничиро нарын хүндтэй зочид оролцож төгсөгчдөд маань баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүллээ.
Кавагүчи багш нь Бизнесийн Үндсэн сургалт зохион байгуулагдаж эхэлсэн цагаас хойш 20 жилийн турш бидэнтэй тасралтгүй хамтран ажиллаж, “Стратегийн менежмент” сургалтыг удирдан явуулж байна. Төгсөлтийн арга хэмжээн дээр цаашид стратеги төлөвлөхөд юун дээр анхаарвал зохилтой вэ, үндсэн сургалтаар сурч мэдсэн байгууллагын хатуу болон уян функцээ хэрхэн хослуулж хөгжүүлэх вэ зэрэг агуулгын хүрээнд зөвлөгөө хичээл орж нийт суралцагчдадаа амжилт хүслээ.
Зураг 4. Бизнесийн үндсэн сургалтын 2023 оны өвлийн элсэлтийн удирдлагын ангийн төгсөгчид
Зураг 5. Бизнесийн үндсэн сургалтын 2023 оны өвлийн элсэлтийн менежерийн ангийн төгсөгчид
Бизнесийн үндсэн сургалтыг амжилттай суралцаж төгссөн нийт удирдах албан тушаалтнууд болон менежерүүддээ сургалтаас олж авсан төрөл бүрийн мэдлэг мэдээллээ үр дүнтэйгээр ашиглан өөрийн компани өргөжин тэлэхэд болон Монгол улсын эдийн засагт өндөр хувь нэмэр оруулаасай хэмээн хүсч байна.
Дараагийн сургалтын намрын элсэлтийн бүртгэл 2023 оны 8 сараас эхлэх тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.