МЭДЭЭЛЭЛ
JLPT ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
2023-03-23

Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт JLPT-гийн бүртгэл эхлэхэд 1 хоног үлдлээ. Та бүхэн заавартай сайтар уншиж танилцан амжиж бүртгүүлээрэй.

2023 оны 7-р сарын 2-ны JLPT ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ

1. Зорилго : Энэхүү шалгалтын гол зорилго нь ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИНГ тогтоож, албан ёсоор баталгаажуулахад оршино.

2. Зохион байгуулагч: ЯПОН САН (JAPAN FOUNDATION)

Хэрэгжүүлэгч байгууллага: Монголын япон хэлний багш нарын холбоо (МЯХБХ)

3. Шалгалт авах өдөр: 2023 оны 7 дугаар сарын 2-ны өдөр /Ням гариг/

(Корона вирусын тархалттай холбоотой арга хэмжээнээс хамааран шалгалт цуцлагдах магадлалтайг анхаарна уу)

Шалгалтын цаг, байрыг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Өдрийн сонин”, UBS телевизээр мөн jlpt.mn вэбсайтын "Мэдээ" хэсгээр зарлана.

4. Шалгалтын агуулга: Япон хэлний ханз, үгийн сан, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох, сонсож ойлгох гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ.

Шалгалт 5 түвшинтэй. Шалгалт өгөгч өөрт тохирох түвшний шалгалтыг өгөх боломжтой юм.

Түвшин тус бүрийн бүтэц болон түвшинг тодорхойлох аргыг jlpt.mn хаягаар орж, “Шалгалтын түвшинг тодорхойлох арга”-аас харна уу.

Шалгалтын бүртгэл, батламж бичиг олгох болон бусад:

1. Бүртгэл: Шалгалтын бүртгэл зөвхөн онлайн хэлбэрээр явагдах бөгөөд jlpt.mn хаягаар орж, бүртгүүлэх заавартай сайтар уншиж танилцсаны дараа зааврын дагуу бүртгүүлж, шалгалтын хуудсыг заавал хэвлэж авсан байх шаардлагатай.

2. Бүртгэх хугацаа: 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 10:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийн 23:59 цаг дуустал 24 цагаар бүртгэнэ.

/Жич: 3 дүгээр сарын 31-ний өдрийн 23:59 (УБ-ын цагаар) цагаас хоцорсон бол бүртгүүлэх боломжгүй./

3. Шалгалтын төлбөр төлөх: Төлбөр төлөх тусгай данс байхгүй бөгөөд ТӨЛБӨРИЙГ зөвхөн банкны төлбөрийн QR код буюу qPAY уншуулан Хаан банкаар төлнө. Төлбөр төлж, шалгалтын хуудсыг хувилж авснаар таны бүртгэл баталгаажиж, бүртгэлийн дугаар үүснэ.

N1 – 70.000 төгрөг

N2 – 70.000 төгрөг N3 – 65.000 төгрөг

N4 – 55.000 төгрөг

N5 – 55.000 төгрөг

Жич: Шалгалтын бүртгэл явагдаж дууссны дараа Корона вирусын тархалт зэрэг давагдашгүй хүчин зүйлээс хамааран нэгдсэн журмаар шалгалт цуцлагдсан тохиолдолд бүртгэлийн хураамжийн 5 хувь буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу. Энэ 5 хувь нь банк, QPay (онлайн төлбөр төлөх систем) компаний төлбөр, бүртгэлийн хураамж болно.

Бүртгэл үүссэний дараа шалгалтанд бүртгүүлэгч хувь хүний зүгээс шалгалтыг цуцлах, төлбөрийг буцаан авах, шалгалтын түвшинг өөрчлөх боломжгүй болох тул шалгалтын өдрийг сайтар тооцон ажлаа зохицуулан бүртгүүлэхийг хүсье.

4. Тэнцсэн, эс тэнцсэн дүнг мэдэгдэх хуудас болон батламж бичгийг 2023 оны 10 дугаар сарын эхний арав хоногт багтаан олгохоор төлөвлөж байна. Шалгалтын дүнг 2023 оны 8 дугаар сарын сүүлээр онлайнаар харах боломжтой болно. Корона вирусын тархалт гэх мэт цаг үеийн нөхцөл байдлаас хамааран товлосон хугацаанаас хоцрох магадлалтай тул та бүхнийг ойлгон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Лавлах утас: 9425-9605, 9025-9605 (10:00-18:00 цагийн хооронд залгах)

Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг jlpt.mn вэб хуудаснаас үзэж болно.

Монголын япон хэлний багш нарын холбоо