Маркетинг гэхээр борлуулалт сурталчилгаа гэж ойлгох хандлагатай хүмүүс олон байдаг. Энэ нь маркетингийн ажлын зөвхөн нэг хэсэг бөгөөд маркетингийн гол зорилго нь үнэнч хэрэглэгчийг бүрдүүлэх явдал аж. Аливаа байгууллага жилд дунджаар үйлчлүүлэгчийнхээ 10%-ийг гадагшаа алдаж байдаг ба энэ тоог 5%-иар л бууруулахад компанийн ашиг орлого 25%-95%-иар өсдөг байна.*
2022 оны 5-р сарын 7-нд зохион байгуулагдсан “Маркетинг”-ийн суурь мэдлэгийн сургалтаар хэрэглэгчээ хэрхэн судлах, хэрхэн маркетингаа хэрэглэгчдээ тохируулж явуулах, оновчтой зар сурталчилгааны хэрэгслээ хэрхэн сонгох тухай орлоо.
Сургалтыг МУИС-ийн Бизнесийн сургуулийн Маркетинг худалдааны тэнхимийн эрхлэгч доктор профессор Б.Даваасүрэн багш удирдан явуулсан ба багш маань хичээлийн төгсгөлд Монгол хэрэглэгчийн тухай судалгааны үр дүнгээс товч танилцуулсан юм.
Монгол-Японы төвийн бизнесийн суурь мэдлэгийн сургалт нь тухайн сэдвээр анхан шатны ойлголтыг богино хугацаанд эзэмшүүлэх зорилготой байдаг. Энэ удаагийн сургалтад компанийн удирдлага, менежер, хүний нөөцийн менежер, дизайнер зэрэг маркетингийн үйл ажиллагаанд шууд оролцдоггүй хүмүүс олноор хамрагдсан юм. Багш маань “Маркетингийг маркетингийн алба/менежер дангаараа хийх боломжгүй”-г онцолж байсан юм.
Суралцагчдын зүгээс “Маш богино хугацаанд товч тодорхой, цэгцтэй мэдлэг олж авлаа”, “Хичээлийн агуулга судалгааны үр дүнд үндэслэсэн маш сонирхолтой байлаа” зэрэг сэтгэгдлүүд ирлээ.
Суурь мэдлэгийн сургалт “Хүний нөөцийн удирдлага” сэдвээр 6-р сарын 4-нд үргэлжлэн явагдах болно. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.
https://japan-center.edu.mn/a/23263
Судалгааны эх сурвалж:
*https://www.retentionscience.com/blog/customer-retention-should-outweigh-customer-acquisition/