Үйл явдал
БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН 19 БОЛОН 22 ДАХЬ ТӨГСӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2022-03-16

ЖАЙКА-ийн Бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх төслийн хүрээнд Монгол-Японы төвөөс 20 дахь жилдээ зохион байгуулж буй Бизнесийн үндсэн сургалтын  22 дахь төгсөлт 3-р сарын 11-нд болж амжилттай төгссөн суралцагчид гэрчилгээгээ гардан авлаа.

Төгсөлтийн үйл ажиллагаан дээр Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, МУИС-ийн Бизнес консалтинг төвийн захирал Ө.Гэрэлт-Од, Монгол-Японы төвийн ерөнхий зөвлөх Ониши Ёшифүми, “Монголын Каизэн Холбоо” -ны дэд ерөнхийлөгч Ж.Хишигжаргал, “Аравт” бизнесийн нэгдэл ТББ-ийн тэргүүн Б.Золжаргал, Үндсэн сургалтын 13 дахь ангийн дарга Д.Батжаргал нарын хүндтэй зочид оролцож, төгсөгчдөд маань баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн урмын үгээ хайрлалаа.

Зураг 1. Төгсөлтийн үйл ажиллагааг нээж МЯТ-ийн захирал Ц.Даваадорж мэндчилгээ дэвшүүлэв

Зураг 2. ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико мэндчилгээ дэвшүүлж байгаа нь

Менежментийн арга барилыг японы болон монголын нэр хүндтэй компаниудад (Панасоник корпораци, KPMG Japan, British Petroleum Japan, General Motors Japan, Бридж Групп, Говь Хангай Мебель) олон жил ажилласан практик туршлагатай япон, монгол багш нараас шууд суралцах боломжтой нь тус сургалтын давуу тал юм. Сургалт “Стратегийн менежмент”, “Хүний нөөцийн удирдлага”, “Маркетинг”, “Санхүүгийн удирдлага” гэсэн 4 үндсэн сэдвээр явагддаг ба удирдлагын ангид нэмэлтээр “Япон маягийн менежмент”, “Конплаенс” хичээлүүд ордог.

 Сэдэв тус бүр дээр суралцагчид өөр өөр багт хуваагдаж өөрсдийн компани дээрээ бодит кэйс ажиллан, бие биенээсээ суралцдаг. Мөн хөтөлбөрүүд жил бүр шинэчлэгдэж байдаг ба энэ жил Covid-19-ийн дараах нийгэм эдийн засгийн өөрчлөлтөд амжилттай дасан зохицох, үйл ажиллагааны стратегиа хэрхэн оновчтой тодорхойлох зэрэг шинэ агуулгуудаар баяжуулснаараа онцлогтой байлаа.

Зураг 3. Бизнесийн үндсэн сургалтын 19 дэх төгсөлтийн удирдлагын ангийн төгсөгчид

Зураг 4. Бизнесийн үндсэн сургалтын 22 дахь төгсөлтийн удирдлагын ангийн төгсөгчид

Зураг 5. Бизнесийн үндсэн сургалтын 22 дахь төгсөлтийн менежерийн ангийн төгсөгчид           

          Өдгөө нийт 1100 гаруй удирдлага, дунд болон дээд шатны менежер Бизнесийн үндсэн сургалтыг төгссөн ба төгсөгчдийн дундаас байгуулсан “Монголын Каизэн Холбоо” болон “Аравт” бизнес нэгдэл ТББ зэрэг байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Төгсөгчид маань эдгээр холбоод болон хоорондоо бий болгосон танилын хүрээгээрээ дамжуулан бизнесийн түншлэл үүсгэж, эзэмшсэн мэдлэгээ ашиглан Монголынхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг харахад таатай байна.