Япон сангаас эрхлэн гаргасан “Иродори хэрэглээний япон хэл” сурах бичгийг суурь шатнаас эхлэн монгол хэлээр үзэх боломжтой боллоо. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Япон хэлний сургалтын тасагт тус сурах бичгийн анхан шат-1, анхан шат-2-ыг орчуулан хүргэж байсан билээ.
Энэ удаад тус “Иродори хэрэглээний япон хэл” суурь шатны сурах бичгийг монгол хэлээр орчуулан өргөн барьж байна. Үгийн сан, дүрэм, японд амьдрах талаарх зөвлөмж зэргийг эх хэлээрээ уншиж судлах нь Япон улсад ажиллаж амьдрахыг зорьж буй хүн бүхэнд зорилгодоо хүрэхэд дэм болно хэмээн найдаж байна.
Эл сурах бичгийн гол онцлог нь дараах зүйлд оршино.
・ Японы өдөр тутмын амьдралд тохиолдох янз бүрийн нөхцөл байдал, сэдвийг хамарсан тул бодит амьдрал дээр хэрэглэгдэхүйц япон хэлээрх харилцааны чадварыг үр дүнтэй эзэмшүүлнэ.
・Хичээл бүрийн суралцах зорилгыг Can-do хэлбэрээр харуулж, тухайн хичээлийг судалснаар “Чаддаг болох” зүйлийг тодорхой болгож өгсөн.
・ Сэдэв болон дүрэм нь JF япон хэлний боловсролын стандартад тулгуурлан зохиогдсон. "Марүгото: Япон хэл ба соёл" сурах бичигтэй уялдаатай.
・ Японд ажиллаж амьдрахад шаардлагатай анхан шатны A2 түвшний япон хэлний мэдлэг эзэмшүүлэхийг зорьсон бөгөөд, Япон сангийн япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (JFT-Basic) -ийг өгөхөөр төлөвлөж буй хүмүүст ч тус болно.
・ Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст хялбархан ашиглах боломж олгох үүднээс хэвлүүлэхгүйгээр, вэбсайтад байршуулсан болно.
Япон хэл, соёл сонирхон судлагч та бүхэн доорх линкээр орж үнэгүй татаж авах боломжтой тул өөрийнхөө зорилгод нийцүүлэн хэрэглээрэй.
Тус сурах бичгийг ашгийн зорилгоор худалдан борлуулахыг хориглоно.
https://sites.google.com/view/irodorimongolian