МЭДЭЭЛЭЛ
13 ДАХЬ УДААГИЙН ЯПОН ХЭЛНИЙ БОЛОВСРОЛЫН СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2020-11-02

  2020 оны 10-р сарын 24-ний өдөр Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд “13 дахь удаагийн Япон хэлний боловсролын симпозиум” амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн симпозиум нь “Шинэ төрлийн корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх” онцгой нөхцөл байдлаас үүдэн хүрэлцэн ирэх зочид төлөөлөгчид, оролцогчдын тоонд хязгаарлалт хийсэн онцгой симпозиум боллоо.

  Нээлтийн арга хэмжээнд Япон улсын Элчин Сайдын Яамны Элчин Зөвлөх, дипломат төлөөлөгчийн газрын дэд тэргүүн Хаяши Шин-Ичироо, Монголын Япон Хэлний Багш нарын Холбооны тэргүүн Э.Батжаргал, Япон Сангийн япон хэлний мэргэжилтэн Мицүмото Томоя нар мэндчилгээ дэвшүүллээ.

  Нээлтийн арга хэмжээний дараа Япон хэлний хэлмэрчлэхүй, орчуулгын холбооны гишүүн Шинзаки Рюүко “Япон хэлний сургалтад хэлмэрчлэхүй, орчуулгын хичээлийг хэрхэн авч үзэх тухай” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. “Орчуулга гэдэг нь үг хөрвүүлэх төдий зүйл биш, утгын хөрвүүлэг юм.”, “Сонсогч та бүхний япон хэл анх сурч эхлэхдээ болон суралцаж байх явцдаа гаргасан хүчин чармайлт, тулгарсан хэцүү бэрхшээлтэй үе тань өнөөдөр эргүүлээд япон хэл заах ажил үйлсэд тань ихээхэн тус нэмэр болж байгаа хэмээн найдаж байна” гэх зэрэг сэтгэлд хоногшсон агуулгатай илтгэл болж өнгөрөв.

  Энэ удаад зочин илтгэгч Шинзаки Рюүко багш маань Япон улсаас хүрэлцэн ирэх боломжгүй нөхцөл байдалтай байсан тул “Zoom”-ээр холбогдон илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулсан юм. Хэдийгээр холын зайнаас холбогдсон ч Шинзаки Рюүко багшийн мэдлэг туршлагад үндэслэн хүргэх гэсэн “Мессэж” энэ удаагийн оролцогчдод хүрсэн байх хэмээн найдаж байна.

  Үндсэн илтгэлийн дараа, “Хэлмэрчлэхүй”, “Орчуулга” хэмээх хоёр салбар хуралдаанд хуваагдан тухайн салбартаа түүчээлэн яваа орчуулагчдын сонирхолтой илтгэлийг сонслоо.

  Салбар хуралдааны илтгэгчид маань өөрсдийн салбартаа өнөөг хүртэл хуримтлуулсан хэлмэрчлэхүй, орчуулгын “Арга ухаан”, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьсан бөгөөд танхимд хүрэлцэн ирсэн оролцогчид ч мөн санал нэгтэй байх шиг санагдаж байлаа.

  Энэ удаагийн симпозиум нь Япон улс, Герман улсаас холбогдон илтгэл тавьсан анхны “Хагас On line” симпозиум болсноороо онцлог байсан юм.

  Энэ дашрамд МУИС, ХЗС, Нагоя их сургуулийн Японы эрх зүй, боловсрол, судалгааны төвийн хамт олон, зохион байгуулах хорооны хамт олонд талархсанаа илэрхийлье.

Зохион байгуулагч: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

Хамтран зохион байгуулагч: Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв

Япон улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Япон сан

Дэмжигч: Япон улсын Элчин Сайдын Яам