МЭДЭЭЛЭЛ
ЯПОН ОРНООР АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ
2020-07-16

Арлын Япон улсад голлох аялалын нэг нь бол Фүжи сан буюу ариун уулын оргилд хүрэх ажээ. Үнэхээр сайхан сүрлэг үзэсгэлэнтэй байж билээ. Энэхүү уул нь Японы хамгийн өндөр уул буюу далайн түвшнээс дээш 3776 метрт өргөгдсөн галт уул юм. Аяллын хөтчийн маань тайлбарласнаар Фүжи уул нь хамгийн сүүлд 1707-1708 оны үед идэвхэжсэн гэдэг. Одоо бол унтаа байдалтай байгаа ч хэзээ идэвхжихийг мэдэхгүй. Байгалийн үзэсгэлэнт тогтцууд ихтэй ба Yamanaka, Motosu, Sai, Shoji, Kawaguchi гэсэн 5 нуур уулаа тойрон оршино. Фүжи уул нь Токиогоос баруун зүгт Shizuoka болон Yamanashi аймгийн нутаг дэвсгэрт оршдог. Баруун хойд талд нь Fujinomiya, зүүн талд нь Gotemba, урд талд нь Fujiyoshida гэсэн жижиг хотууд байдаг. Токиогоос Фүжи сан уул хүртэл дээгүүр доогуур сүлжилдсэн хурдны замаар явсаар байгалийн үзэсгэлэнт  тогтоцтой өндөр уулсын бэлд суурьшсан сууринуудаар дайрч японы аж амьдралтай хэсэгхэн хугацаанд танилцна. Тэнд гүзээлзгэнэ, усан үзэм гэх мэт хүлэмжийн талбай бий. Япон хүмүүсийн дайчин, шургуу хөдөлмөрийг гайхахгүй байхын аргагүй ээ.

Цэлцгэр уужим цонхоор Фүжи уулыг дэргэдээс нь тольдон япон зоог барих ч бас л сайхан сэтгэгдэл төрнө. Ингээд аялагчид маань цааш явсаар 2300 метрт байрлах 5-р цэгт очлоо.

Нийт 10 зогсоол байх бөгөөд 5 дахь зогсоол хүртэл тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Энэ зогсоолын талбай том учир зочид буудал, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүрүүд бий. Энэ бол аялагчдад зориулсан талбай бөгөөд эндээс дээш ууланд авирагчид тусгай хамгаалалтын хэрэгсэлтэйгээр цааш үргэлжлүүлнэ. 5-р зогсоолоос уулын оргил хүртэл 3-8 цаг, буцаж буухдаа 2-5 цаг зарцуулдаг.

Фүжи ууланд авирах бол туршлага багатай хүмүүсийг 6-8-р саруудад авирахыг зөвлөдөг.