МЭДЭЭЛЭЛ
ОРЧУУЛАГЧТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА: ОЧИРХҮҮГИЙН ЖАРГАЛСАЙХАН
2020-07-08

Орчуулагч: Очирхүүгийн Жаргалсайхан

Хөвсгөл аймгийн уугуул. Монгол улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын ангид элсэн амжилттай суралцаж төгсөөд төрөлх Хөвсгөл аймгийнхаа ЕБС-д багшаар ажилд орсон. 1993-1998 онд Япон улсын засгийн газрын тэтгэлгээр Токиогийн Гакүгэй их сургуульд магистрт суралцан төгсөж ирээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт 2011 оныг хүртэл референтээр ажилласан. Одоо бол японы уран зохиолыг монголчуудад хүргэхээр ажиллаж байгаа Монголын шилдэг орчуулагчдын нэг юм.

Орчуулсан бүтээлүүд: Шиба Рёотаро “Тал нутгийн тэмдэглэл”, "Оросын тухай: Умардын уугуул төрх", “Хорин нэгдүгээр зуунд амьдрах хөвгүүд охидод”, Фүкүзава Юкичигийн “Эрдмийг эрхэмлэх ухаан”, Самүэл Смайлсын “Өөртөө туслах ухаан”, дэлхийн анхны роман, манай эриний Х зуунд Мүрасаки Шикибүгийн зохиосон “Гэнжийн туульс” нэг, хоёрдугаар боть, Мүраками Харүкигийн “1Q84” гурамсан роман зэрэг бүтээлүүдийг орчуулж уншигчдын хүртээл болгожээ.

Япон хэлтэй танилцсан нь:

А: Та япон хэлтэй анх яаж танилцсан бэ?

- Би 1981 онд МУИС-ийн монгол хэл-утга зохиолын ангид орсон. Төгсөөд монгол хэл уран зохиолын багш болно оо гэж бодож байлаа. Намайг 2-р курст ордог жил /1982 он/ япон хэл сурах 5 оюутныг сонгосны 1 нь би болсон. Тэр үед л анх удаа япон хэлтэй учирсан даа. Уг нь хятад хэлийг сонгож сурахаар бодож байсан юм. Гэхдээ одоо бодоход япон хэлийг сонгож сурсан нь үнэхээр азтай хэрэг болсон.

Анхны япон хэлний багш нар маань бол Наранцэцэг багш, Долгор багш байсан. Мөн тухайн үеийн Онүки Масао багш Монголд ирж бидэнд япон хэл заасан. Дараа нь Хашимото багш, Окада багш, Койбүчи Шиничи багшаар хичээл заалгаад төгссөн. Хирагана, катакана гээд цагаан толгойгоос нь эхлээд "Шинэ япон хэл" гэдэг сурах бичиг Сансэйдогийн толь бичиг ашиглаж л япон хэл сурсан даа.

Мэдээж монгол хэл утга зохиолын хичээлээ үзэнгээ давхар япон хэл сурч байсан болохоор надад орчуулгын суурь үндэс нь сайн тавигдсан юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл бид монголын уран зохиол, эртний уран зохиол, орчин үеийн уран зохиол, оросын уран зохиол, дэлхийн уран зохиол зэрэг хичээлийг судалж байсан болохоор япон хэлний хичээлтэйгээ зэрэгцээд бусад улс орнуудын уран зохиолыг судалж байсан. Ерөнхийдөө монгол хэл, уран зохиол, дэлхийн уран зохиол, тэгээд япон хэл ... үнэхээрийн уран зохиол, хэл шинжлэлд гүн гүнзгий ууссан оюутан нас өнгөрсөн дөө.

Би Хөвсгөл аймгийн уугуул, тэндээ ЕБС-иа төгссөн. Ахлах ангид сурч байхдаа сайн сурлагатай байсан тул оросын их сургуульд суралцах боломж гарсан. Гэхдээ тэр боломжийг сонголгүйгээр МУИС-д сурахаар сонгосон. Одоо ингээд бодоход МУИС-д сурсан минь зөв сонголт байсан гэж боддог шүү.

А: Танд япон хэлний хичээл ямархуу санагдаж байсан бэ? Япон хэлний талаарх анхны сэтгэгдэл ямар байв?

- Япон хэлний хувьд юун түрүүнд ханз их хэцүү байсан. Ялангуяа Монголчууд бид ханз үсэг ашигладаггүй болохоор их хэцүү шүү. Гэхдээ социализмын үед хүүхдүүд 5-р ангиасаа эхлээд орос хэлний хичээл үздэг байсан болохоор гадаад хэл сурахад арай дөхөмтэй байсан, "Гадаад хэл сонирхолтой" гэж бодох хүүхдүүд ч их байсан байх. Надад ч бас тэгж санагддаг байсан.

Япон хэл сурч байхад "Хөөх, сонирхолтой юм аа" гэж бодоход нөлөөлсөн зүйл нь гэвэл монгол хэлний өгүүлбэрийн бүтэцтэй япон хэлний өгүүлбэрийн бүтэц нь адилхан байсан явдал юм. Монгол хэлээр ч япон хэлээр ч "Би сургууль руу явлаа." гэсэн дарааллаар ярина гэсэн үг шүү дээ.

Ханзыг бол би "Ханз үсгийг харах тусам сонирхолтой юм аа." гэж сонирхож сурсан. Монголд ханз үсгийн соёл байдаггүй болохоор ханз сурахад хэцүү байсан ч гэлээ их сонирхож сурсан шүү. Жишээ нь 「翻訳」 бичгийн орчуулга гэсэн үг байна. "Яагаад хөрвүүлэх 「翻」 гэсэн ханзанд 「番」 гэсэн ханз орчихсон юм бол?"  гэх маягаар ханзны бүтэц, нийлэмжийг нь их сонирхоно оо. Тэр л миний япон хэлийг сонирхож сурах шалтгаан болсон доо. Одоо бол компьютер дээр шивж оруулаад байгаа болохоор гараараа бичих нь ховордсон байна. Сурч байх үедээ бол цаг гаргаад ханзыг харж судалж сурдаг байлаа.

Тухайн үеийн залуус тийм зүйлийг сонирхож гайхдаг байж, одоо үеийн залуусын сонирхлыг огт өөр зүйл татах болсон байна шүү.

-Алсын хараа тодорхой болсон нь- Койбүчи багшаасаа сонссон үг.

А: Япон багш нарын талаарх сэтгэгдэл?

-Бид нараас илүү багш нарт маань их хэцүү байсан байх даа. Яагаад гэвэл 1980-аад онд Монгол социалист улс байсан тул үнэндээ Японы талаарх сэтгэгдэл тийм ч сайн байгаагүй. Япон хүн гэхээр л "Самурай" гэж боддог. Тухайн үед самурай гэхээр цэрэг арми гэсэн бодол л толгойд орж ирдэг байсан үе...

Гэхдээ манай япон багш нар бидэнд их ээлтэй, бидний ойлгоогүй зүйлийг маш сайн тайлбарлаж өгдөг байсан. Тиймээс багш болон оюутан бидний дунд бол ямар ч асуудал байгаагүй ээ. Тэр үеийн монголын залуус их хичээнгүй, японоос ирсэн багш нар маань ч гэсэн “Монголчууд их сонирхолтой юм аа.” л гэдэг байсан.

Би 1986 онд их сургуулиа төгссөн. Тэр үед Монголд япон хэлний мэргэжилтэн хэрэггүй байсан үе гэж хэлж болно. Яагаад гэвэл япон хэлээ ашиглах ажлын байр байсангүй л дээ. Гадаад явдлын яаманд 1,2 хүн, Говь үйлдвэрт 1 хүн, Төв номын санд 1 хүн тэр зэргийн л байлаа. Тэр газруудад аль хэдийн манай дээд төгсөлтийнхөн орчихсон. Хэдий мэргэжлийн чадвартай байсан ч ашиглах газар байгаагүй гэсэн үг.

1984 онд Койбүчи багш МУИС-д томилогдож ирсэн.

Тэр үед "Япон хэлний хичээлээ хийсэн ч, япон хэлээ ашигласан ажилд орж чадахгүй нь дээ..." гэж ангийнхантайгаа ярилцах, хичээлдээ жаахан залхуурах үе байлаа. Гэтэл багш маань "Битгий тоо! Хичээлээ сайн хийх хэрэгтэй шүү! Япон хэл чинь одоо хэрэг болохгүй байсан ч та нар чинь монгол хэл утга зохиолын анги шүү дээ. Монгол хэлний багш болж болно. Гэхдээ 10 жилийн дараа Монголд япон хэл хэрэгцээтэй болно. Тийм үе ирэх л болно." гэж хэлж байсан юм. 1986 онд юм даа.

1986 он өөрөө дэлхийн түүхэнд ч өөрчлөлт шинэчлэлтийн он байсан юм уу даа. ЗХУ-д перестройка (өөрчлөлт шинэчлэлт) гарч эхэлсэн, коммунист намын хүч суларч эхэлсэн тийм үе байсан болохоор Койбүчи багш маань тухайн үеийн дэлхий өөрчлөлт шинэчлэлтийн замд орж эхэлснийг мэдэж байсан байх аа. 

Хөвсгөл аймагт багшаар ажиллаж, Япон руу суралцахаар явсан үе.

Их сургуулиа төгсөөд уугуул Хөвсгөл аймаг руугаа 10 жилийн сургуульд багшлахаар буцсан. Монгол хэл уран зохиолын багш хийж байсан. Багшаас эхлээд дэд захирал хүртэл хийсэн. Хэдий Хөвсгөл рүү буцсан ч гэсэн япон хэлээ мартахгүйн тулд ширээн дээрээ толь бичгээ тавьчхаад үг цээжлээд л, нөгөө "Шинэ япон хэл" гэдэг сурах бичгээ давтдаг байлаа. Социализмын үе байсан болохоор бусад хүмүүс бол ханзыг хараад хятад юм уу, япон юм уу гэж мэдэхгүй, ер нь л намайг хичээлээ хийгээд суухыг харсан хүмүүс жийрхсэн байдалтай ханддаг байлаа.

Монгол улсад ардчиллын салхи салхилж эхлэх үед монголын үндэсний телевизээр тухайн үеийн Улаанбаатар хотын байдлыг гаргаад л, манай аймагт ч залуус өлсгөлөн зарлан, суулт хийж байсан.  Нийгмийн өөрчлөлт - шинэчлэлт - хувьслын нөлөөнд миний бие ч гэсэн эндээс явах уу гэсэн бодол төрж, сэтгэл зүрх минь догдолсон тийм үе байлаа.

Тэр үед л миний амьдралд маш том өөрчлөлт гарсан даа.

Монгол улсын хэмжээнд зохиогдсон боловсролын салбарын тэмцээнд/олимпиадад оролцох завшаан олдож, ямар төрлийн боловсролын систем хүүхдүүдэд илүү үр дүнтэй байдаг, ямар заах арга хэрэглэх вэ гэсэн судалгааны ажил маань тэргүүн байранд орсон. Тэргүүн байранд орсноор 1991 онд Улаанбаатарт шилжин ирж 1993 оны 10 сар хүртэл Боловсролын хүрээлэнд ажиллах боломж олдсон юм. Боловсролын хүрээлэнд ажиллаж байх үед Япон улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр “ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр”-т хамрагдаж Японд суралцахаар 1993 онд Япон руу анх явж байлаа. Очоод хагас жил Ёкохамагийн улсын их сургуульд хэлний бэлтгэлд суралцаад Токиогийн Гакүгэй их сургуульд багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөртөө суралцсан. Хөтөлбөрөө дуусгаад Токиогийн Гакүгэй их сургуульдаа үргэлжлүүлэн боловсролын философи чиглэлээр магистрийн дипломоо хамгаалсан.

1990-ээд онд Монголын боловсролын систем өөрчлөгдөж байсан үе шүү дээ. Уг нь докторын зэрэгт дэвшин суралцах боломж байсан ч судалсан судалгааны ажил, сурсан мэдлэгээ Монголдоо буцаж очоод хэрэгжүүлэх зорилго тавин сурч байсан учраас 1998 онд Монголдоо буцаж ирсэн.

 

Төөргөөр учирсан “Тал нутгийн тэмдэглэл”

Токиод сурч байхад Койбүчи багш маань Шиба Рёотарогийн “Тал нутгийн тэмдэглэл” номыг бэлэглэсэн юм. Номоо уншаад үзтэл номын маань утга агуулга нь үнэхээрийн өргөн, яг л Монгол нутагтаа буцсан юм шиг сэтгэгдэл төрүүлж билээ. Түүнтэй зэрэгцээд Монголынхоо талаар сайн мэддэггүй юм байна даа гэсэн бодол ч төрж байсан. Зохиолч маань Монголын талаар монголчууд биднээс илүү гүн гүнзгий мэдлэгтэйгээс гадна монгол хүнийг, монгол орныг хайрлах сэтгэл нь ном уншихад л мэдрэгдэж байсан нь бишрэх сэтгэлийг төрүүлсэн юм даа.

Тухайн үед Токио хэмээх том хотод, нарны гэрлийг ч гүйцэд мэдрэхгүй шахам шигүү барилгатай газар амьдарч байсан болохоор тал нутагт нар мандах нь нүдэнд харагдаад л ирсэн. "Энэ номыг монгол хэл рүү орчуулъя! Монгол хэлээр орчуулаад монголчуудад уншуулъя!" гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ.

Тэгээд энэ номыг орчуулмаар байгаагаа Койбүчи багшид хэлэхэд өмнө нь орчуулга хийж байсан туршлагагүй намайг Японы алдартай зохиолч Шиба Рёотарогийн зохиолыг орчуулж чадах болов уу гэж багш маань гайхсан байх л даа. Гэхдээ "Орчуулаад үз л дээ." гэж намайг дэмжсэн юм. 1995 оны тухайн үед одоогийнх шиг мэдэхгүй юм гарвал шууд л интернэтээс хайгаад мэдчихэж болдог үе биш байлаа. Орос-Япон, Япон-Орос хэлний толиос үгээ хайгаад, дараа нь орос хэлнээс монгол хэл рүү орчуулах маягаар мөр мөрөөр нь сэтгэл зүрхээ шингээн орчуулсан даа. Тийм болохоор “Тал нутгийн тэмдэглэл” бол миний хувьд хамгийн дурсгалтай ном гэж хэлж болно.

1996 онд Шиба Рёотаро гуай нас барсан, ном маань Монголд 1997 онд хэвлэгдэж гарсан. Номын нээлтэд Шиба Рёотаро гуайн эхнэр Мидори гуай, Шиба Рёотаро гуайг Монголд ирэхэд нь орчуулгыг нь хийж байсан Цэвэгмаа гуай ирсэн, үнэхээрийн мартагдашгүй мөч болсон.

Дараа нь Ерөнхийлөгчийн тамгын газраас залгаад, тэр үед ерөнхийлөгч байсан Н.Багабанди** гуай Япон руу албан ёсны айлчлал хийнэ. Шиба Рёотаро гуайд Алтангадас одон гардуулахаар болсон тул ерөнхийлөгчид Шиба Рёотаро гуайн талаар мэдээлэл өгнө үү гэсэн хүсэлт ирсэн.

** Нацагийн Багабанди: Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч (1997-2005). 1998 оны 5 сард “Иж бүрэн стратегийн түншлэл”, 2003 оны 12 сард “Хамтарсан мэдэгдэл”-ийг Япон улсад айлчлах үеэрээ тунхагласан.

Тухайн үед Шиба Рёотаро гуайн талаар Монголд мэдэх хүн цөөхөн л байсан. Бодвол японы монголч эрдэмтдээс Шиба Рёотаро гуайг шагналд тодорхойлсон болов уу. Тэгээд би Багабанди ерөнхийлөгчид Шиба Рёотаро гуайн ном зохиол, Монголд 2 удаа ирж байсан талаар нь танилцуулж байсан.

Айлчлал дуусаад Монголд буцаж ирсний дараа миний ямар мэргэжилтэй, ямар ажил хийдэг талаар асуусан. Тэгэхэд нь Японд боловсролын чиглэлээр магистрт суралцаад ирсэн тухайгаа хэлсэн. Түүний дараа 1998 оны 5 сард Ерөнхийлөгчийн тамгын газрын боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан референтийн ажилд орсон.

“Тал нутгийн тэмдэглэл” ном бол миний амьдралыг өөрчилсөн бүтээл болсон доо. 

"IX-р зуунаас XXI-р зууныг дамнасан бүтээлүүд"

 Байдаг бүхнээ зориулсан бүтээл Мүрасаки Шикибүгийн "Гэнжийн туульс"

 Н.Энхбаяр** гуай ерөнхийлөгч байхдаа "Дэлхийн сонгодог утга зохиолын 50 боть" хэвлүүлэх тухай зарлиг гаргаж байсан. Н.Энхбаяр гуай чинь утга зохиолын чиглэлээр төгссөн орос, англи хэлтэй. "Гэнжийн туульс"-ийг орос, англи хэлний аль нэгээр нь уншсан юм шиг байгаа юм. Тэгээд намайг орчуул гэж сонгосон.

**Намбарын Энхбаяр: Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч (2005-2009). ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр дүүргэсэн. Гадаад хэлний орчуулагчийн хувьд олон гадаад хэл дээрх зохиолыг орчуулан монголчуудад хүргэсэн.

Эргэн тойрны хүмүүс, япончууд гээд л "Гэнжийн туульс"-ийг монгол хэлээр орчуулах гэж байгаа юм уу гээд их гайхаж байсан. Бас "Ийм гайхалтай зохиолыг монгол хүн орчуулж чадах юм уу даа" гэсэн үл итгэсэн байдал ч ажиглагдаж байлаа.

"Гэнжийн туульс"-ийг орчуулахдаа Сэтоүчи Жякүчёогийн буулган бичсэн "Шинэ Гэнжийн туульс", Танизаки Жюничирогийн буулган бичсэн "Орчин цагийн хэлэнд буулгасан Гэнжийн туульс" гэсэн бүтээлүүдийг ашигласан. Мөн Ёсано Акикогийн буулгасан "Гэнжийн туульс"-ийг ч бас харсан. Бүгд адилхан "Гэнжийн туульс" ч гэлээ энэ 3 зохиолч тус тусдаа онцлог, өвөрмөц шинж чанартай санагддаг.

Сэтоүчи Жякүчёогийн буулгасан нь залуу үеийнхэн уншихад хялбар, ойлгоход амархнаар бичсэн байдаг. Танизаки Жюничирогийн буулгасан хувилбарт бол тайлбар тайллыг маш сайн бичсэн байдаг. Харин Ёсано Акикогийн буулгасан хувилбарын үгийн уян яруу сонголт нь гайхалтай санагдсан шүү.

Энэ 3 зохиолыг зэрэгцүүлж уншингаа монгол хэл рүү орчуулсан даа. Тийм болохоор орчуулга хийхэд маш хэцүү байсан.

"Гэнжийн туульс"-д монгол хүний мэдэхгүй ойлгохгүй ертөнцийн талаар гардаг гэж хэлж болохоор. Бас орчуулахад хэцүү байсан зүйл нь гэвэл Монголд байдаггүй цэцэг ургамлын нэр, хятадын соёл, заншил, дэг жаяг байсан. Хэцүү ч гэлээ сонирхолтой байсан.

2008 онд "Гэнжийн туульс 1000 жилийн ой"-н хүрээнд Японд олон төрлийн үйл ажиллагаа зохиогдоход би ч гэсэн очиж оролцсон. Тэнд японы утга зохиол, соёл судлалын салбарт дэлхийд алдартай Доналд Кийн гуайтай уулзаж Н.Энхбаяр ерөнхийлөгчийн (тухайн үед) өөрийн биеэр мэндчилгээний үг бичсэн номыг гардуулж байлаа.

"Доналд Кийн таны гайхалтай японы утга зохиол, соёл судлалын судалгааны ажлаар дамжуулан би японы утга зохиолд, тэр тусмаа "Гэнжийн туульс"-д дуртай болсон. Таныг Монгол улсад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр" гэж бичсэн байсан. /товчлол/

Монголын залуучуудад энэ зохиол маань их хүрсэн гэж боддог шүү. Хэдий 1000 гаруй жилийн өмнөх эртний зохиол боловч орчин үеийн хүмүүс бид уншаад ойлгохоор хэрхэвч хуучирсан гэж хэлэхээргүй маш гайхалтай бичигдсэн зохиол юм.

"Гэнжийн туульс" зохиогдсон үе болох IX-р зуунд ихэнхдээ улс төрийн сэдэвтэй ном судар гардаг байсан болохоор тухайн үедээ ч гэсэн их шуугиан дагуулсан зохиол болсон байх даа гэж боддог.

1-р ботийг гаргасны дараа Япон сангийн "Оюуны солилцоо хөтөлбөр"-т хамрагдаж Киото хотод байдаг "Олон улсын япон соёл судалгааны төв"-д судалгаа хийсэн. Энэ үеэрээ "Гэнжийн туульс"-ийн ном, шүлэг, судалгааны материал зэргийг уншиж байлаа. Ёстой л унших судлахаас өөр зүйл хийлгүйгээр өдрийг өнгөрөөж байлаа. Тэр төвийн номын сангийн ганцаараа ашиглаж болдог өрөөг нь захиалж аваад өглөөнөөс өдрийн завсарлага хүртэл, завсарлагаа дуусгаад номын сангийн хаах цаг хүртэл суудаг. Тэнд уншиж судалсан бүх зүйлээ монголдоо буцаж ирээд "Гэнжийн туульс"-ийн 2-р ботийг монгол хэл рүү орчуулахад ашигласан даа. Үнэхээр олон зүйлийг уншиж судласан, үр дүнд нь орчуулгаа хийж чадсан маш үр өгөөжтэй жил өнгөрсөн. Дахиад боломж олдвол очмоор байгаа шүү.

А: Таны яриаг сонсохоор "Орчуулагч болно!" гэсэн тэмүүлэл гэхээсээ илүү хэрэгтэй газраа хэрэгтэй хүнтэйгээ, номтой учирч байсан юм шиг санагдаж байна?

- Тийм ээ. Хувь заяагаараа тийм гайхалтай бүтээлүүдтэй учирч тэд маань миний замыг чиглүүлж өгсөн гэх юм уу даа.

Би чинь боловсролын салбарын хүн, Японд төгсөж ирээд сургууль байгуулах ч юм уу өөр замаар явж болох л байсан. Гэхдээ тийм замаар явалгүй ирээдүй хойч үедээ үлдээх "Ном" гэдэг замыг сонгож энэ замаараа одоог хүртэл явсаар ирсэн байна.

Сэдвээсээ халиад хэлэхэд социализмын үед монголчууд оросын уран зохиол, оросоор дамжуулан германы, францын уран зохиол, ховор олддог ч гэсэн америкийн уран зохиолыг ч гэсэн бүгдээрээ уншдаг байсан. Хичээл дээрээ уншина, гэртээ хариад уншина. Хэдий хэцүү үе байсан ч алсын хараа нь дэлхийн хэмжээнд байсан болов уу. Япон уран зохиол бол оросоор дамжаад орж ирдэг байсан ч их бага, хайкү шүлэг зэргийг л орчуулдаг байсан.

Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллангаа орчуулгын ажлаа хийхэд амжихгүй болж эхэлсэн болохоор 2011 онд ажлаасаа гарсан.

 

Дэлхий даяар "Харүкист"** фентэй Мүраками Харүки зохиолчийн бүтээл.

            ** Мүраками Харүки зохиолчийн фенүүдийн нэршил

"Гэнжийн туульс"-ийн 1-р ботийг дууссаны дараа Мүраками Харүкигийн "1Q84" романтай учирсан. "Адмон" хэвлэлийн компаний захирал Энхбат Германы Франкфурт хотод болдог номын үзэсгэлэнд оролцож явахдаа герман хэл дээр орчуулагдсан Мүраками Харүкигийн бүтээлүүд үнэлгээ өндөртэй байгааг анзаараад надад орчуулах санал тавьж байсан юм.

Хэдий Энхбат надад санал тавьсан ч гэлээ би 2 жил гаруй хойшлуулсаар байсан. Тэгээд 2 жилийн дараа Энхбатаас дахин Мүраками Харүкигийн "1Q84" романыг орчуулах санал ирсэн. Тэгээд анх "1Q84" романыг уншсан. Уншаад үзсэн үнэхээрийн сонирхолтой, нэг уншаад эхэлчихвэл зогсохоо мэдэхгүй л уншдаг тийм бүтээл байсан. "Яагаад би ийм сонирхолтой романыг 2 жил юу ч хийлгүй байлгаад байсан юм бол" гэж өөрөө өөрийгөө гайхсан шүү. "1Q84" романыг уншингаа орчуулсаар бараг 3 жилийг зарцуулсан.

Дараа нь "Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд" романыг би өөрөө орчуулмаар гэж санал тавьсан. Сүүлд 2019 онд "Торгон цэргийн хороон даргын аллага" романы 1 хэсгийг орчуулж хэвлүүлсэн. Одоо бол 2-р хэсгийн орчуулгын ажил ид дундаа ороод явж байна. Тэгээд нэг хэсэгтээ Мүраками Харүкигийн зохиол бүтээлээс завсарлага авъя гэж бодож байна.

А: Таны хувьд Мүраками Харүкигийн зохиолын онцлог нь юу гэж боддог вэ?

- Үнэхээр гайхалтай зохиолч. Дэлхийн хэмжээний зохиол туурвидаг, сая сая уншигчидтай. Бүр Мүраками Харүкигийн зохиолыг уншихгүй л бол санаа нь амардаггүй хүмүүс ч байдаг.

Миний хувьд Мүраками Харүкигийн бүтээлүүдийг уншаад ойлгосон зүйл гэвэл "Хүний сэтгэлийн/ оюун бодлын хэлбэр". Хүний сэтгэлийн/ оюун бодол нь дөрвөлжин, гурвалжин, дугуй гээд янз бүр. Тэр хэлбэр нь өөрчлөгдөх болгонд тэр хүний амьдрал өөрчлөгддөг гэх юм уу даа. Хүн гэдэг амьтан үргэлж л өөрчлөлтийг эрэлхийлж явдаг гэж боддог. Мүракамигийн бүтээлүүд хүн насанд хүртлээ туулах процесс, залуу үеэс нас биед хүрэх явцтай төстэй санагддаг. Бас хүний "хана" ямар нимгэн байдаг вэ гэдгийг ойлгуулдаг. 1 ширхэг цаас шиг л нимгэхэн. Жаахан л хазайвал муу зам руу, дахиад жаахан өөрчлөхөд л зөв зам руу. Сайны дунд муу, муугийн дунд сайн байдаг гэдгийг Мүраками маш мэдрэмжтэйгээр нарийн бичдэг гэж санагддаг.

А: Танд орчуулахаар тогтсон номын төрөл гэж байдаг уу?

Орчуулах номоо бол би өөрөө сонгодог. Гэхдээ би боловсрол судлалаар төгссөн хүн. Тийм болохоор уран зохиолын ном гэхээсээ илүү эрдэм боловсрол, хүний хөгжлийн ном орчуулахыг боддог. Жишээ нь "Өөртөө туслах ухаан", “Эрдмийг эрхэмлэх ухаан” зэрэг номыг орчуулсан. Энэ номыг Япон улс Мэйжигийн үеэс орчин үеийн Япон улс болтлоо хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн ном гэхэд хилсдэхгүй байх. Тийм утгаараа ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байсан монголчуудыг уншаасай гэсэндээ энэ 2 номыг орчуулсан.

Дээр хэлсэнчлэн миний орчуулсан утга зохиолын бүтээлүүд маань IX-р зуунаас шууд XXI-р зуун руу үсэрсэн он цагийн хувьд хол зөрөөтэй зохиолууд учир тэр хооронд утга зохиолын ертөнцөд ямар өөрчлөлт гарч ямар бүтээлүүд төрснийг мэдэхийг хүссэн. Тиймээс боловсролын чиглэлээсээ хэсэг салж, Акүтагава Рюүносүкэ, Нацүмэ Соосэки, Мори Оогай, Дазай Осамү зэрэг японы алдартай зохиолчдын гайхалтай бүтээлүүдийг түүвэрлэн орчуулж ном болгон гаргасан. "Уншмаар байна. Мэдмээр байна." гэсэн бодолдоо хөтлөгдөнгөө орчуулгынхаа ажлыг давхар хийсэн нь үнэхээр сайхан санагдсан шүү.

 

Орчуулагчийн зүгээс уншигчдад хандан хэлэх үг:

- Миний орчуулсан бүтээлээр дамжуулаад монголын уншигчид маань япон хэл, уран зохиол, соёл, амьдрахуй, мэдлэг гээд бүхий л зүйлийг мэдэж, сурч болно. Номоор маань дамжуулаад япончуудыг арай элэгсгээр хүлээж авдаг, япон хүний сэтгэлийн талаар японы уран зохиолоор дамжуулаад мэдэж ойлгоосой л гэж боддог.

Орчуулагч болохоор зорьж байгаа залуустаа хандан хэлэхэд  нэгдүгээрт "Япон хэлийг сурах" гэдэг нь "Япон соёлыг сурах" гэдгийг ойлгох хэрэгтэй.

2 дугаарт япон хэл сурахад хэл, хэл шинжлэл, үгийг сурах гэдэг нь мэдээж чухал. Гэхдээ тэр үгний цаана байгаа утга, зааж байгаа юмыг нь сайн ойлгож унших, орчуулах хэрэгтэй. Орчуулагч болохгүй ч хэлийг нь сурч л байгаа бол эдгээрийг анхааран сураасай гэж боддог. Үгийн бүтэц, ямар ханзны нийлэмж энэ үгийг илэрхийлж байна вэ зэргийг ухаж ойлгох хэрэгтэй. Хэл сурч байна гээд шууд цээжлэх биш үгийн дуудлага, өнгө, философи, утгын гүнийг, хэрэглээг судлах хэрэгтэй болов уу. Аль болох залуугаасаа сурах хэрэгтэй.

Япон хэлэнд онцгой үг хэллэг их байдаг. Шашны, соёлын гэх мэт. Мэдээж монгол хэлэнд ч энэ бүхэн байдаг. Япон хэл дээрх зохиолыг монгол хэл рүү орчуулахад монгол хэлний үгийн сан хүрэлцэхгүй гэсэн асуудал ерөөс байхгүй. Ердөө утга санааг нь 100 хувь илэрхийлж гаргах үг хэллэгийг олох л хэцүү. Ярилцлагын эхэнд дурдсанчлан би Монгол Улсын Их Сургуулийн монгол хэл-утга зохиолын ангийг төгссөн болохоор оюутан ахуйдаа орчуулгын үндэс сууриа маш сайн тавиулсан гэж боддог.

Залуу байхдаа орчуулахад хэцүү хэсгийг жаахан үгчилж, махчилаад орчуулчихдаг байсан, одоо бол тийм биш. Монгол хүн уншаад ч гайхахаар үг хэллэг ашиглахаар хайдаг болсон. Японы эртний үг хэллэг, соёл, заншлыг монголчуудад ойлгогдохоор орчуулах арга барилыг энэ хугацаанд сурсан байна. МУИС-ийн монгол хэл-утга зохиолын ангид сурч, япон хэл сурч эхэлсэн, Шиба Рёотаро гуайн “Тал нутгийн тэмдэглэл” номыг орчуулж эхэлсэн тэр цагаас хойш 30 жил өнгөрсөн байна. 30 жилийн өмнөх миний чадахгүй зүйлсийг одоогийн би чаддаг болсон байна. Энийг л туршлага хуримтлуулах гэж хэлэх байх даа. Цаашид орчуулахад хэцүү үг хэллэгүүд гарч ирсээр л байх болно. Тэр бүхнийг монголын уншигчдад ойлгоход хялбар орчуулахад Японы талаар сонирхол, судалгаа, мэдлэг хэрэгтэй болно.

Саяхнаас арай шинэ зүйлд хүчээ сорьж үзэж байна. Монголын сайн бүтээлүүдийг япон хэл рүү орчуулахаар хичээж байна. Сүүлд монголын The HU хамтлагийн дууны үгийг япон хэл рүү орчуулсан. Тэднийг Японд тоглолт хийхэд нь үзэгчид тэдний юуны талаар дуулж байгааг нь ойлгоосой гэж хүссэн.

Бас Мүракамигийн бүтээлийг уншаад надтай холбоо барьж байгаа залуус байна. Яагаад Мүракамигийн бүтээлийг орчуулж байгааг, миний бодол, төрсөн сэтгэгдэл гээд их зүйлийг асууж ирж байна. Залуус номыг маань уншаад ингээд ирж байгаад нь үнэхээр баяртай байна.

Монгол хүн, япон хүн ялгаагүй л хүн. Харин хүн байна гэдэг нь сэтгэл, оюун бодлын асуудал гэж боддог. Хүн л юм болохоор хоорондоо яаж ийгээд ойлголцох л болно. Энэ л хүн байхын үндэс юм уу даа.

Миний орчуулсан бүтээлүүд 2 улсын хүмүүс хоорондоо ойлголцоход туслах нэг шат нь байгаасай гэж хүсэж байна.

2020 оны 6 сарын 11

(Ярилцлага авсан: Фүжино Норико / Монгол-Японы төвийн Япон сангийн зохицуулагч)

Монгол хэл рүү хөрвүүлсэн: Ц.Саранчимэг