Монгол-Японы төвийн үндсэн сургалт болох Яриа, дүрэм хосолсон цогц сургалтуудад “Марүгото япон хэл ба соёл” сурах бичгийг ашиглаж байна. Одоогоор тус стандартын дагуу дараах 6 шатны сурах бичиг гараад байна.
Тус сурах бичгийн нэр болох “まるごと /Марүгото/” нь бүхэлд нь, цогцоор нь гэсэн утгатай үг бөгөөд хүн хүнтэйгээ харилцах бодит харилцааг цогцоор нь, тэрхүү харилцаан дээр гарах аж амьдрал болон соёлын ойлголтыг цогцоор нь олгохыг зорилгоо болгосон сурах бичиг юм. Тус сурах бичиг нь JF стандартын дагуу хийгдсэн тул дан ганц дүрэм, үг сангийн мэдлэгийг гүнзгийрүүлэхийг зорьдоггүй бөгөөд япон хэлийг ашиглан ямар нөхцөлд, юу чаддаг болох вэ гэдгийг илэрхийлсэн “Сan-do”-гээр дамжуулан японд болон япон хэлээр харилцах бодит орчинд хэрэглэж чадах япон хэлийг сурах боломжийг олгодог. Тухайлбал, дөнгөж япон хэл үзэж буй суурь шат /А1 түвшин/-д японоор мэндчилж, дуртай идэх, уух юм болон өөрийн сонирхдог зүйлийнхээ талаар ярих гэх мэтээр хялбар харилцан яриа өрнүүлж чаддаг болно. Харин дунд шат /B1/ руу ороход бодит амьдрал дээр хэрэглэгддэг япон хэлийг уншиж, сонсонгоо өөрийнхөө тухай болон өөрт ойр сэдвийн талаар дэлгэрэнгүй ярьж чаддаг болно. Энэ мэтчилэн аль ч түвшинд тухайн түвшиндээ тохирсон бодит япон хэлийг ашиглан харилцан ойлголцох үйлийг зорьдог.
Мөн япон хэл ба соёлыг тэнцвэртэйгээр суралцах боломжтой сэдвүүд /аялал, идэх юм, баяр наадам, анимэ, манга гэх мэт/ болон өнөөгийн японыг илэрхийлэх бодит зураг, мэдээллээр баялаг тул уйдах завгүйгээр суралцах боломжтой юм.
JF стандарт болон “Марүгото” сурах бичгээр суралцсанаар суралцагч өөрийнхөө явцыг хянах болон цаашид юуг яаж сурахаа мэдэх чадварт суралцахаас гадна амжилттай суралцвал бие даан суралцах чадвартай болно гэдэг нь хамгийн том онцлог гэж хэлж болно.