多読(たどく)буюу "аль болох их унших" арга
Япон хэл суралцаж буй хүмүүсээс түгээмэл ирдэг асуултуудын нэг нь унших чадвараа нэмэгдүүлэх талаар байдаг билээ. Тэр дундаа япон хэл анхлан суралцаж буй хүмүүсийн хувьд унших материал байсан ч мэдэхгүй үг хэллэг ихтэйгээс болоод уншмааргүй санагдах тохиолдол элбэг билээ.
Иймд дөнгөж үсгээ үзээд дууссан хүнээс эхлээд дунд түвшний япон хэлний мэдлэгтэй гишүүддээ зориулаад унших чадвараа нэмэгдүүлэх арга болон тэрхүү аргаар уншиж болох сонирхолтой номнуудыг танилцуулъя гэж бодлоо. Энэ бол 多読(たどく)буюу "аль болох их унших" арга юм.
多読(たどく)гэдэг нь өөрийнхөө бүрэн ойлгож чадах амархан түвшний номноос эхлэн толь бичиг хэрэглэлгүйгээр хөгжилтэйгээр ном уншингаа япон хэлийг эзэмших арга юм. Гол нь уншаад 100% ойлгохгүй байсан ч сонирхон унших, хөгжилтэйгээр унших нь тус аргын онцлог юм. Тэгснээр япон хэлээр уншиж ойлгохын сайхныг болон цаашлаад үг хэллэг, японы аж амьдралаас суралцах боломжтой.
Тус арга нь дараах 4 дүрэмтэй.
- Амархан түвшний номноос эхэлж унших: Бүгдийг нь орчуулахгүйгээр ойлгож чадах амархан түвшний номноос эхэлж уншицгаая. Тэгснээр уншсан зүйлээ сайн ойлгож чадах учраас залхахгүйгээр цаашаа унших урам зоригийг авч олон ном уншиж чадна.
- Толь бичиг хэрэглэхгүйгээр унших: Мэдэхгүй үгээ толь бичгээс хайгаад байвал хурдан уншиж чадахгүй. Удаан уншвал сонирхолгүй болж ирнэ. Тиймээс мэдэхгүй үг гарч ирсэн ч толь бичиг ашиглахгүйгээр номны зургаас утгыг нь төсөөлөн уншиж болно.
- Ойлгохгүй байгаа хэсгээ алгасаад унших: Зургийг хараад хичнээн бодсон ч ойлгомжгүй байгаа бол тэр хэсгийг алгасаад уншицгаая. Бүхэлд нь ойлгохгүй ч гэсэн хөгжилтэйгээр уншихад болно.
- Уншихад хэцүү байвал өөр ном унших: Уншиж байгаа ном нь ойлгомжгүй эсвэл сонирхолгүй байвал тухайн номоо болиод өөр номоор солиод нэг үзээрэй.
Дээрх 4 дүрмийг дагах юм бол япон хэлээр унших нь тийм ч хэцүү зүйл биш юм. Гэхдээ япон хэл анхлан суралцаж буй хүний хувьд дээрх дүрмийг дагана гэхээр унших материал олдох болов уу? ингэж бодож байгаа хүмүүс байгаа байх. Санаа зоволтгүй. 多読(たどく)-д зориулсан унших материалууд гэж бий. Дөнгөж үсгээ үзээд дууссан хүмүүс ч ядах юмгүй уншихаар, аль эсвэл үсгээ нүдлэхэд тус болохоор ном, материалуудыг үнэ төлбөргүйгээр уншиж болно. Мөн унших материалаас гадна тухайн номны сонсгол нь хүртэл байдаг болохоор сонсох дасгал ч болж болох юм. Гоё байгаа биз
Ингээд ямар ямар унших материалууд байдаг бол?
📌KC よむよむ
Япон сангийн Кансай дахь олон улсын төвөөс эрхлэн гаргасан анхан суурь (A1), анхан (A2), анхан дунд (A2/В1) түвшинд тохирсон 多読-ийн унших номнуудтай сайт юм. Япон хэлээр уншихдаа тааруухан суралцагчид ч санаа амар унших боломжтой гэдгээрээ онцлог юм. А1 түвшний бүх номонд сонсгол дагалдаж байгаа болохоор эхлээд сонсголыг сонсонгоо уншаад, дасаад ирвэл өөрөө уншаад үзэхийг зөвлөдөг.
Тус номнуудаар япон хэлний унших чадвараа нэмэгдүүлэхээс гадна японы аж амьдрал болон соёлын талаар ч мөн гардаг тул япон соёлтой танилцах нэгэн боломжийг олгодог.
https://kansai.jpf.go.jp/clip/yomyom/index.html
📌読み物いっぱい
Тус сайт нь анхан болон дунд түвшний япон хэлний суралцагчдад зориулан үнэ төлбөргүйгээр татаж авах боломжтой унших материалуудыг цуглуулсан сайт юм.
Өөрийн түвшинд тохирсон ном, материалууд ихийг уншиж япон хэлээ сайжруулахыг хүссэн болон 多読-г ашиглан хөгжилтэйгээр япон хэлийг заахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй сайт юм. Мөн тус сайтыг хэрэглэгч олон орны япон хэл суралцагчдын зохиосон номнууд байдаг тул япон төдийгүй өөр олон орны соёлыг япон хэлээр дамжуулан ойлгож болох юм. Хэрвээ хүсэх юм бол та ч бас Монголын талаар ном зохиож болно шүү.
http://www17408ui.sakura.ne.jp/tatsum/project/Yomimono/Yomimono-ippai/index.html
📌日本語多読(にほんごたどく)
多読-г эхлүүлсэн төрийн бус байгууллага эрхлэн гаргасан сайт бөгөөд онлайнаар түвшин түвшний номнуудыг унших, сонсох боломжтой юм. Тус сайт нь төлбөртэй болон үнэгүй гээд олон номнуудыг багтаадаг бөгөөд та бүхэн үнэ төлбөргүйгээр унших боломжтой номнуудыг доорх линкээс татан уншаарай.
https://tadoku.org/japanese/free-books/
Хүсэх л юм бол чөлөөтэй цагаараа өөрийгөө хөгжүүлэх боломжтой олон арга, хэрэгцээт материалуудыг олох боломжтой гэдгийг дахин хэлмээр байна.