МЭДЭЭЛЭЛ
ХҮҮХДИЙН БАЯР
2019-05-03

Японд 1948 оноос 5 сарын 5-ны өдрийг албан ёсоор бүх нийтийн амралтын өдөр болгон хүүхдийн эрүүл энх өсөн торьнохыг бэлгэдэн тэмдэглэдэг болсон. Харин 1948 оноос өмнө энэ өдрийг эрэгтэй хүүхдийн эрүүл энх өсөхийг бэлгэдэн тэмдэглэдэг уламжлалт баярын өдөр байсан ба хууль батлагдсанаар эрэгтэй эмэгтэй хүүхэд гэж ялгалгүй тэмдэглэдэг болсон. 
5 сар болоход япон даяар мөрөг загас тэнгэрт нь сэлж айлуудын хойморт самурайн хуяг дуулга, илд, нум сум, Кинтароогийн хүүхэлдэйг тавьсан байх нь харагдана. Эдгээр нь эрэгтэй хүүхдийг өвчин зовлонгүй өсөж, муу муухай бүхнээс хамгаалах зорилготой зүйлс ажээ.

Хуяг дуулга.
Яагаад хүүхдийн баяраар хуяг дуулга гаргаж тавьдаг вэ?
Энэхүү баяр нь эртний хятадаас гаралтай баяр бөгөөд япончуудын дунд дэлгэрч эхэлсэн үе нь самүрай бүши зэрэг цэргийн эрхтэн дархтнууд төрийг барьж, дайн тулаан ихтэй үе байсан юм. Тиймээс эрэгтэй хүүхдийн эрүүл энх өсөхийг бэлгэдэн дайн тулааны үед бие хамгаалдаг хуяг дуулгыг тавьдаг болсон гэдэг. Тиймээс айлууд эрэгтэй хүүхэд төрөнгүүт анхных нь хүүхдийн баяраар хуяг дуулгыг авч эрүүл энх өсөх, аюул ослоос хамгаалах сахиус нь болно гэж итгэдэг байна. 
Айлын анхны эрэгтэй хүүхдэд бүтэн хуяг дуулга, дараагийн эрэгтэй хүүхдүүдэд зөвхөн дуулгыг тус тусад нь тавих нь элбэг. Энэ нь тухайн хүүхдийг хамгаалж байдаг гэдэг утгаараа тус тусад нь бэлддэг байна.
Мөрөг загас
Ширүүн урсгалтай хүрхрээний урсгалыг сөрж гарч чадсан мөрөг загас луу болон хувирсан хятадын домгоос үүдэн эрэгтэй хүүхдийн аз хийморьтой явахыг бэлгэдэн мөрөг загасны хэлбэртэй тугийг гэрийнхээ гадна өлгөдөг.
Баярын хоол
Кашива мочи: Царс модны навч нь шинэ навчаа гарч иртэл хуучин навч нь унадаггүй онцлогтой. Тиймээс царсны навчинд боосон цагаан будааны боовыг идэж тухайн гэр бүл үр удмаар тасралгүй явахыг бэлгэдэн иддэг байна. 
Хүүхдийн баяр нь “Алтан 7 хоног” буюу японы үргэлжилсэн амралтын өдрөөр болдог тул гэр бүлээрээ амттай хоол хийн хүүхдийнхээ хүссэн зүйлсийг хийн гэр бүлээрээ баярладаг баяр болсон.