НОМЫН САН
“ЯПОНЫ УЛАМЖЛАЛТ БАЯРААР ДАМЖУУЛАН ЯПОН ХЭЛ, СОЁЛЫН ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ”-ААР ДАМЖУУЛАН ЯПОНЫ ХҮҮХДИЙН БАЯРЫН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018-05-08

5 сарын 5-ны бямба гарагт, Монгол-Японы төв “Японы хүүхдийн баяр”-ыг зохион байгуулж сэргэлэн цовоо 25 хүүхэд оролцлоо. 

Тус арга хэмжээний эхэнд  “Японы хүүхдийн баяр”-ын тухай танилцуулсан юм. Дээр үед “Танго но сэккү” гэж нэрлэгдэн зөвхөн эрэгтэй хүүхдийг эрүүл энх өсөн торнихыг бэлэгдэн тэмдэглэдэг баяр байсан бол орчин үед “Хүүхдийн баяр” нэртэй болж японы үндэсний баяр болсон билээ. Энэ өдөр хүүхдүүдэд аз жаргал хүсэхийн сацуу, ээжүүддээ мөн талархдаг билээ.

Японы хүүхдийн баярын танилцуулгын дараагаар “Кой нобори” хэрхэн үүссэн талаар үлгэр ярьсан бөгөөд, дараа нь “Кой нобори” дууг хамтдаа дуулж сурцгаалаа.

Бүгдийн хүлээж байсан хоолны цагаар будаагаар Кой буюу мөрөг загасны дүрстэй сүши хийцгээв. “Макисү” гэж нэрлэгдэх Японы макизүши хийдэг хоолны хэрэгслээр хамтдаа хоолоо хийн, өргөст хэмх болон зайдсаар хоолоо чимэглэцгээв.

Үүний дараагаар “Тангоно сэккүХүүхдийн баяр”-ын гол дүрслэл болох “Кабуто” буюу дуулгыг сонингийн цаас ашиглан хийж бүгд дурсгалын зургаа авахуулцгаалаа. Үйл ажиллагааны хамгийн сүүлд Кой буюу мөрөг загасаа Монгол-Япон төвийнхөө гадаа хийсгэв. 5 сарын дулаахан салхинд мөрөг загас маань маш сайхан намиран хийсч байв.

Энэ удаагийн үйл ажиллагаанд хүүхдүүдийн маань эцэг эхчүүд тусалцгааж, бүгдээрээ хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлцгээв.

Удахгүй  Монголын хүүхдийн баяр 6 сарын 1-нд болно. Дэлхийн бүх хүүхдүүддээ эрүүл энх аз жаргалыг хүсье.