МЭДЭЭЛЭЛ
Монгол-Японы төвийн “5S-Кайзэн” хөдөлгөөн
2016-07-04
Та 5S-Кайзэн (Kaizen)-ний талаар хэр мэдэх вэ. 
5S гэдэг нь “Seiri буюу ангилах”, “Seiton буюу цэгцлэх “Seiso буюу цэвэрлэх”, “Seiketsu буюу хэвшүүлэх”, “Shitsuke буюу хувийн сахилга бат” гэсэн Япон үгсээс  гаралтай үг юм.
5S нь Японы компаниудын ажлын байранд баримталдаг гол зарчмын нэг билээ. 5S- ийг үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэн ашиглаж ирсэн гэх ойлголт өргөн байдаг ч бизнесийн төрөл, салбараас хамааралгүйгээр ажлын байрны соёл, эмх цэгц, багийн ажиллагааг бүрдүүлэх, үр ашиг, аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зэрэг олон төрлийн зүйлийг сайжруулахтай холбоотой  үйл ажиллагаа юм. 
  Энгийнээр хэлбэл, хэрэггүй зүйлээ хаях, хэрэгтэй зүйлээ эмх цэгцтэй байрлуулах, ажлын байраа цэвэр цэмцгэр байлгах гэсэн зарчмуудыг хэвшүүлж дадал болгосноор ажилчдын төдийгүй ажлын байран дахь зохион байгуулалт сайжирч, ажилчдын бүтээмж дээшилснээр тухайн байгууллага амжилтанд хүрэх арга зам юм. 
Монгол-Японы төв нь  2002 оноос эхлэн 5S буюу Япон маягийн менежментийн тухай сургалтыг зохион байгуулсаар ирсэн билээ. Монголын компаниуд Япон компаний менежментийн арга хэрэгсэл болох  5S-ийн талаар ойлголттой болж, улмаар амжилттай хэрэгжүүлж буй байгууллагууд цөөнгүй. 
  Ингээд Япон мэргэжилтнүүдийн санаачилгаар манай төв 2016 оны 1-р сараас эхлэн 5S болон Кайзэнг (Сайжруулалт, шинэчлэлт) ажлын байран дээрээ нэвтрүүлэх хөдөлгөөнийг өрнүүлсэн ба  6 сарын 28-нд тасгууд хагас жилийн ажлын үр дүнгээ тайлагналаа. 
     5S хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ тасаг бүрийн 1, 1 ажилчдаас бүрдсэн багийг байгуулж, баг нь хагас жилийн төлөвлөгөө гарган ажилласан. Тасгууд шинээр санаачилсан болон сайжруулсан ажлаа 5S самбарт байрлуулж, бусаддаа өөрсдийн хийсэн ажлаа танилцуулж байсан нь ажилчдын ажлын байран дээрх идэвхи чармайлтыг нэмэгдүүлэхэд багагүй нөлөөлсөн юм.  Хөдөлгөөний хагас жилийн төлөвлөгөөний зарим нэг хэсэг сайн хэрэгжээгүй хэдий ч  багийн гишүүд дараагийн төлөвлөгөөндөө бүрэн хэрэгжүүлэхээр зорьж байна. 5S-Кайзэн хөдөлгөөнд төвийн нийт ажилтнууд амжилттай оролцож, сайжруулалт болон шинэлэг санаа дэвшүүлсэн нийт 25 ажлаас нээлттэй санал асуулга явуулж, дүгнэснээс  3 ажилтны шилдэг санаа шалгарсан юм. 
      Энэ удаа идэвх санаачилга гарган, ажлын байранд шинэлэг санааг амжилттай хэрэгжүүлсэн  “Шилдэг 5S  санаачлагч”-аар Бизнесийн сургалтын тасгийн  ахлах ажилтан   Ж. Оюунчимэг, ажилтан Г.Түмэнбаяр, Мэдээлэл харилцаа, хамтын ажиллагааны тасгийн ажилтан Д. Уламцэнгэл нар тус тус шалгарлаа. Хагас жилийн 5S хөдөлгөөний хүрээнд хийгдсэн санаачлагууд маань ажлын байран дахь цаг хугацааг хэмнэсэн, тасгийн орлогод бага ч гэсэн хувь нэмэр оруулахуйц, цаашлаад өртөг зардалгүй өөрсдийн нөөц бололцоондтулгуурлан хийгдсэн ажлууд байлаа.
    5S-ийг ажлын байран дээрээ хэрэгжүүлснээр зөвхөн байгууллага, компанид үр өгөөжөө өгөөд зогсохгүй хувь хүнд ч гэсэн аливаа ажилд хариуцлагатай хандаж, шийдвэр гаргаж сурах, шинэ зүйлийг турших, сэдэх чадвар суулгах, жижиг зүйлд анхаарч, мэдрэмжтэй хандах, төлөвлөж зохицуулж сурах, өөрөө сэтгэж бие дааж сурах зэрэг маш олон талын ур чадварыг суулгаж өгдөгөөрөө онцлогтой юм. 
Оны эцсээр та бүхэнтэйгээ илүү олон шинэлэг санаануудаараа эргэн уулзах болно. 
    5S багийн гишүүд  2016.06.30 (Пүрэв гараг) 
Жич: Тасгуудын сайжруулалт болон шинэлэг санаанаас товч танилцуулья. Магадгүй та өөрийн ажил болон эргэн тойрондоо ч гэсэн эдгээр санаануудаас авч хэрэгжүүлж болох юм.