МЭДЭЭЛЭЛ
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА БҮХНИЙ СОНОРТ
2014-09-11
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТА БҮХНИЙ СОНОРТ
Монгол-Японы Төвөөр байнга үйлчлүүлж бидний үйл ажиллагааг дэмжиж байдагт гүнээ талархал илэрхийлье. Тус төвийн зүгээс та бүхний сонорт хүргэх нэгэн мэдээлэл байгааг хүлээн авна уу.
МУИС-ийн зүгээс, Ж.Самбуугийн гудамжинд байрлах хичээлийн 1, 2-р байрны дундах талбайд шинээр номын сан, хичээл болон судалгаа шинжилгээний танхим, лекцийн заал бүхий барилга барих болсонтой холбогдуулан одоогийн Монгол-Японы Төвийн өмнөх хэсгийг хааж талбайг ашиглах талаар мэдэгдэл ирсэн болно.
МУИС-ийн зүгээс өгсөн тайлбарт шинээр баригдах барилга нь 87 метрийн урттай, 42 метрийн өргөнтэй, газрын гадаргаас доош 1 давхар, дээш 6 давхар бүхий барилга байх бөгөөд барилгын ажлыг энэ оны 9-р сараас эхлэн 2 жилийн хугацаатайгаар барьж гүйцэтгэхээр төлөвлөж буй тухай дурдсан болно.
Энэхүү барилгын ажлын улмаас тус төв нь Ж.Самбуугийн гудамж талаасаа буюу хашааны урд хаалгаар үйлчлэх боломжгүй болж, барилгын ажил явагдах 2 жилийн хугацаанд хойд талын хаалгаар орж гарах болж байна. Мөн тус төвийн өмнөх талбайн ихэнх хэсэг таглагдаж, улирал бүрээр өнгөө сольж та бүхнийг баясгаж ирсэн ногоон байгууламж маань зарим хэсэг нь тайрагдаж, зарим хэсгийг шилжүүлэн суулгахаас өөр аргагүйд хүрч байна. Мөн одоогийн хоёр орны төрийн далбаа мандаж буй хэсэг зэрэг тус төвийн өмнөх хэсэгт байрлах байгууламжийг ч мөн адил шилжүүлэн байршуулах шаардлагатай болж байна.
Та бүхний мэдэж байгаачлан Монгол-Японы Төв нь 2002 онд Япон Улсын Засгийн газрын “Хөгжлийн албан ёсны тусламж” /ODA/-аар Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг дор баригдсан билээ. Баригдаж дууссаны дараа Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгсөн ч бүтээн байгуулалтын зорилго, өөрөөр хэлбэл Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэх болон Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа явуулахаар хоёр орны засгийн газрын түвшинд зөвшилцсөн юм. МУИС-ийн шинэ барилгын ажлын улмаас тус төвийн байгууламжийн нэг хэсгийг өөрчлөх, цаашлаад устгах тал дээр хоёр улсын засгийн газрын хүрээнд хэлэлцэгдэж байгаа бөгөөд хоёр тал харилцан ойлголцолд хүрсний дараа барилгын ажил эхлэх төлөвтэй байна.
Барилгын ажил явагдаж байх хугацаанд тус төвөөр үйлчлүүлэгч та бүхэнд ямар нэгэн байдлаар төвөг учруулж болзошгүй тул аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, төвийн үйл ажиллагаанд аль болох саад учруулахгүй байх талаас нь МУИС-ийн удирдлагад хүсэлт гаргасан болно. Тус төвийн хувьд өнөөг хүртэл явуулж ирсэн бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх, япон хэлний боловсролыг хөгжүүлэх, номын сан болон мэдээлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн үндсэн үйл ажиллагаагаа хэвээр явуулахаас гадна Монгол, Япон хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх гол цөм нь болж, улам бүр хичээн ажиллах чин хүсэлтэй байна. Цаашид барилгын ажлын талаар МУИС-тай холбоотой ажиллаж цаг тухайд нь та бүхэнд мэдээллэж байх болно.
Олон жилийн туршид үйлчлүүлэгч та бүхэн болон нийслэлчүүдийн хайр хүндэтгэлийн хүлээж ирсэн ногоон байгууламж маань үгүй болж байгаад туйлын их харамсаж байгаа ч, МУИС-ийн хөгжлийн төлөө тус төвийн зүгээс аль болох дэмжиж хамтран ажиллах болно.
Та бүхэн энэхүү сонордуулгыг хүлээн авахын ялдамд цаашид ч гэсэн Монгол-Японы Төвөөр үйлчлүүлж, бидний үйл ажиллагааг дэмжиж байхыг тус төвийн нийт хамт олны зүгээс хүсч байна.
2014 оны 9-р сар
Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв